ШУУРХАЙ: Баянгол дүүрэгт таван настай хүү аав, ээжийнхээ хамт угаартаж, амь насаа алджээ

ШУУРХАЙ: Баянгол дүүрэгт таван настай хүү аав, ээжийнхээ хамт угаартаж, амь насаа алджээ

Хүүхдийн баярын өмнөх шөнө /2023.05.31/ Улаанбаатар хотод "шахмал түлш" түлшинд олон угаартаж эмнэлэгт хүргэгдсэн бол, найман хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Улмаар амь хохирогчдыг "яндангаа авч, өрхөө бүтээсэн" гэх нөгөө л урьдчилсан дүгнэлт гараад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл хүүхдийн баярын өмнөх шөнө /2023.05.31/ угаартаж нас барсан хүмүүсээс гурав хүн нь нэг гэр бүлийн хүмүүс байсан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны ... дугаар тоотод оршин суудаг 35 настай эрэгтэй, 32 настай эхнэр, 5 настай хүүгийнхээ хамт угаартаж, харамсалтайгаар амь насаа алджээ.

Бид уг мэдээллийн мөрөөр талийгаачдын амьдарч байсан хаягт очиход хашаан дотор монгол гурван гэр байрлах бөгөөд нэг гэрийнх нь өрхийг бүтээж, хаалгыг нь цоожилсон байв. Тус гэрт таван настай хүү аав, ээжийнхээ хамтаар амьдардаг байжээ.

Ингээд биднийг тус хашааны хаалгыг тогшиход хажуу талын гэрээс ахимаг насны, ядруухан царайтай эмэгтэй гарч ирж, хаалга тайлахад нь эмгэнэл илэрхийлээд талийгаач нарынх нь талаар тодруулахыг хүсэхэд "Тус эмгэнэлт явдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэж хэлээд цааш эргэсэн юм.

Магадгүй уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа учир талийгаач нарын ар гэрийн хүмүүсийг нь хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч болохгүй, мэдээллийг "чанд нууцлах" нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан байхыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч нэг гэр бүлийн гурван хүнээ нэг дор алдсан эмэгтэй мэдээлэл өгөхөөс татгалзаж, нүдэндээ нулимс цийлгэнүүлэн цааш эргэсэн юм. Иймд бид тус газрын гадна талын зургийг ч фото зургаар буулгаагүй гэдгийг энд хэлье. 

-ШАХМАЛ ТҮЛШ НЭГ ГЭР БҮЛИЙГ НИЙТЭЭР НЬ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА -

Сүүлийн үед угаарын улмаас гэр бүлээрээ амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарах болоод байгаа. Магадгүй энэ нь шахмал түлштэй холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл ч байдаг.  Тиймээс энх цагт эрдэнэт хүмүүн гэр бүлээрээ нэг дор угаартаж нас барж буй энэ харамсалтай хэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байна. Тухайлбал, 2021 оны тавдугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд эхнэр, нөхөр, хоёр хүүхдийн хамт угаарын хийд хордож, амиа алдсан хэрэг гарч байв. 

Мөн 2021 оны тавдугаар сарын 13-14 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... хорооны дугаар тоотод хүн угаартсан байна гэх дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 40 настай эрэгтэй амьсгал хурааж, 41 настай эмэгтэй, 13 настай охины биеийн байдал хүнд байсан байна. Ээж, охин хоёрыг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсэн хэрэг гарч байв. Энэ мэтээр угаарын хийд хордож гэр бүлээрээ амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал жил бүр гарч байна.