ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү маань эхэндээ маш их айж, түгшиж, хоолоо ч идэж чадахгүй байсан

ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү маань эхэндээ маш их айж, түгшиж, хоолоо ч идэж чадахгүй байсан

БНСУ-ын цагаачлалын албанаас өнгөрөгч дөрөвдүгээр сард 22 настай Монгол эрэгтэйг гурван настай хүүгийн хамт насанд хүрэгчдийн саатуулах байранд хорьсон байдаг.

Хүү 2020 онд Солонгост төрсөн бөгөөд тээлтийн 36 дахь долоо хоногт буюу дутуу төрсний улмаас эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагатай байжээ. Хоригдож байх үед хүүгийн биеийн байдал сайнгүй байсан тухай хүүгийн аав MBC телевизэд өгсөн ярилцлагадаа, "Анхандаа их хэцүү байсан. Эхний хэдэн өдөр хүү унтаж ч чадаагүй. Сулхан чимээ гарсан ч цочиж сэрээд, маш их айдастай байсан. Хүүгээ саатуулах байрнаас гаргая гэсэн ч харах хүн байгаагүй учир гаргах боломж байгаагүй" гэжээ.

Хүүгийн аав жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр даатгалын хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан тул батлан даалтад гаргах боломжгүй байжээ. Мөн хүүг “Ажү Дэ” эмнэлгээс 4 болон 5 настайд нь дахин үзүүлэх шаардлагатай гэсэн учир Монгол руу явахгүй байхаар шийдсэн гэж аав нь хэлсэн байна. Уг нь хүүг хэдийд ч гаргах боломжтой байсан боловч харах хүнгүй, Монголд очоод эмчлүүлэх боломж байгаагүй тул аав нь аль болох Солонгосоос явахгүй байхаар шийдсэн байжээ.

Сугвон Гадаадын иргэн харьяатын газраас, "Хүүг хориогүй бөгөөд ээж эсвэл төрөл садны хүн нь хэзээ ч ирээд авах боломжтой. Гэвч хүүг харах хүн байхгүй тул түр саатуулах байранд тэгж удаан хугацаагаар хорьсон" гэжээ.

Мөн тухайн үед хүү архаг өвчтэй байсан хэдий ч Солонгосын иммигрейшн “Хүүхдийн биеийн байдал тогтвортой, үхэх хэмжээний хүнд өвчин биш” гэж үзэн, хорих байрт хорьсон байдаг. Аав хүү хоёр хорь хоног хоригдсоны дараа дөрөвдүгээр сарын 20-нд эх орондоо ирсэн юм. 

Энэ мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсанаас хойш зургаадугаар сарын 14-ны өдөр тус улсын Хууль зүйн яам, "Монголын гэр бүлд хууль бусаар хандсан тохиолдол байхгүй. Бид шаардлагатай арга хэмжээг л авсан" гэх байр суурийг илэрхийлжээ.