ШУУРХАЙ: "Өөрийгөө Есүсийн элч" гэж итгүүлж, эрхшээлдээ оруулдаг “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалын эзэн Ли Ман Хи гэгч Монголд "нууц"-аар ирэхээр төлөвлөжээ

ШУУРХАЙ: "Өөрийгөө Есүсийн элч" гэж итгүүлж, эрхшээлдээ оруулдаг “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалын эзэн Ли Ман Хи гэгч Монголд "нууц"-аар ирэхээр төлөвлөжээ

“Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалыг үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ли Ман Хи /Lee Man Hee/ гэгч нь Монгол Улсад "нууц"-аар ирэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Христийн шашнаас үүсэлтэй Шинэ тэнгэр газар буюу “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалын үүсгэн байгуулагч Ли Ман Хи гэгч нь энэ сарын 19 /2023.06.19/-ны өдөр буюу ирэх Даваа гарагт манай улсад "нууц"-аар ирэхээр төлөвлөсөн байгаа аж. Тэрбээр ямар зорилгоор Монгол Улсад ирэх гэж байгаа нь одоогоор тодорхойгүй.

Иймд “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалыг үүсгэн байгуулагч манай улсад нууцаар ирэх  гэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Учир нь “Шинчеонжи” шашны гаж урсгалын сургалт, номлолын гол агуулга нь "Ли Ман Хи аврагч элчийн номлол хамгийн үнэн зөв, Есүс бурханы илгээсэн элч хэмээн түүнийг тахин шүтэж, ер бусын нэгэн" хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг байна. Ли Ман Хиний үүсгэн байгуулсан шашны гаж урсгал нь гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах, гэр бүл, найз нөхдөөс нь холдуулж, хүчгүй сул дорой, бусдыг аялдан дагалдагч болгож, бүлгийн хүчтэй шахалтад оруулдаг гэдгээрээ ноцтой гэдэг.

Гэтэл шашины ийм гаж урсгалын үүсгэн байгуулсан этгээд Монгол Улсад өөрийн биеэр ирэх гэж байгаа нь тус энэхүү "шашны гаж урсгал Монголд хэдийнээ нэвтэрсэн биш юм биз" гэх хардлагыг төрүүлж байна.  

“Шинчеонжи” шашны гаж урсгал нь гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг байна.

Мөн ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагч Ли Ман Хи гэгчийн хүслийг биелүүлэхийг зорилгоо болгон гишүүд болон тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг байна. Түүнчлэн “Шинчеонжи” шашны гаж урсгал нь элдэв сайн дурын байгууллагын нэрээр халхавчлан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улстөрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг байна. Монголд нууцаар ирэх гэж буй шашны гаж урсгалыг үүсгэн байгуулж, өөрийгөө эзэн нь гэдэг Ли Ман Хи гэгч нь 2020 онд БНСУ-д коронавируст цар тахлын голомтыг нуун далдалж, түгээсэн хэрэгт холбогдож байсан нэгэн юм.