БНСУ-ын цэргүүд “Хааны эрэлд-2023” сургуулилалтад оролцож байна

БНСУ-ын цэргүүд “Хааны эрэлд-2023” сургуулилалтад оролцож байна

БНСУ-ын армийн тусгай хүчний командлал хамтарсан ажиллагааныхаа чадавхыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсад болж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилалтад оролцож байна. “Хааны эрэлд” сургуулилалтад тус командлалын 35 алба хаагч оролцож байна гэж БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Даваа гарагт эхэлсэн энэхүү сургуулилалт нь долоодугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ, Энэтхэг, Катар зэрэг 35 орны 1100 алба хаагч оролцоно.

Сургуулилалтад оролцогчид гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, шархадсан хүмүүсийг эмчлэх, цувааг дагалдан хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа явуулах зэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцох ур чадвараа дээшлүүлэхэд анхаарлаа хандуулна. “Цэргүүд хилийн чанад дахь энхийг сахиулах ажиллагааны үеэр тохиолдож болох хувилбаруудын дагуу олон үндэстний хүчнүүдийн хамт бэлтгэл сургууль хийх явцдаа энхийг сахиулах ажиллагаа явуулах нэгдсэн ажиллагааныхаа чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна” гэж БНСУ-ын армийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

АНУ, Монгол Улс "Хааны эрэлд" хамтарсан сургуулилалтыг 2003 оноос хийж эхэлсэн юм. Харин БНСУ-ын арми анх 2006 онд буюу олон улсын энхийг сахиулах хөтөлбөр болон өргөжих үеэс нь оролцож эхэлжээ. БНСУ 2019 оноос хойш сондгой тоогоор төгссөн жилүүдэд тусгай хүчний командлалын бие бүрэлдэхүүнээ, тэгш тоотой жилүүдэд тэнгисийн явган цэргүүдээ сургуулилалтад илгээсээр ирсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг