АВСТРАЛИАС АВТОМАШИНТАЙ АЯЛЖ БУЙ МАКС: Монголчууд тусч хүмүүс гэдгийг энд өнгөрүүлсэн нэг сарын хугацаанд маш сайн мэдлээ

АВСТРАЛИАС АВТОМАШИНТАЙ АЯЛЖ БУЙ МАКС: Монголчууд тусч хүмүүс гэдгийг энд өнгөрүүлсэн нэг сарын хугацаанд маш сайн мэдлээ

Монголын үзэсгэлэнт байгаль, уудам тал нутгийг үзэж нүд сэтгэлээ баясгахаар хэдэн мянган бээрийн цаанаас зорин ирэх гадны жуулчид олон бий. Тэдний нэг бол тавдугаар сарын 18 /2023.05.18/-нд Монголын газар нутагт хөл тавьсан Австралийн иргэн н.Макс болон түүний гэр бүл юм. Тэрбээр эхнэр Витя болон нохой Маяа нарын хамтаар Австралиас хөдөлж, төрөлх хот болох Германыг зорин аялж яваа гэнэ.

Монголд ирээд таван долоо хоног гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд Хүй долоон худагт буудаллаад хөдлөх гэж байхад нь бид хэсэгхэн хором ярилцаж, тэдний аяллын маршрут болон Монголын байгаль, ард түмний талаарх бодол, сэтгэгдлийг нь ярилцсан юм. Тэд Австрали хотоосоо гараад хэдийнээ 250 гаруй хоножээ. Цаашдаа Герман хүртэл зургаан сар орчим аялах төлөвлөгөөтэй байгаа аж. Ийнхүү эрэлхэг зоригтой, шийдэмгий, дайчин нэгэн гэр бүлтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Сайн байна уу? Юун түрүүнд энэ хүртэл амжилттай явж ирсэн танай гэр бүлд баяр хүргэе. Монголын газар нутагт хэзээ нэвтэрсэн бэ? Гэр бүлийнхээ гишүүдийг танилцуулахгүй юу?

-Макс: Сайн байна уу, Намайг Макс гэдэг. Манай эхнэрийг Витя гэдэг. Бид өөрсдийн нохой Маяагийн хамтаар гурвуулаа аялж байгаа. Одоогоор Монголын газар нутагт ирээд байна. Бид цаашид аяллын машинаараа жил гаруйн хугацаанд Австралиас Герман улс хүртэл маш олон орноор аялах төлөвлөгөөтэй байгаа.

-Витя: Бид Монгол улсын хилийг тавдугаар сарын 18-нд нэвтэрсэн. Монгол улс маш уудам тал нутаг, үзэсгэлэнт байгальтай байсан нь Хятадаас тэс өөр санагдсан. Учир нь Хятадад жижиг тосгод маш олон байсан бол Монголын хил даваад л шал өөр мэдрэгдсэн. Максын хэлснээр яг л саран дээр байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

-Монголын газар нутгаар аялахад хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдов уу? Монголын ард түмэн маш их тусархаг хүмүүс байдаг. Та хоёрт ажиглагдсан зүйл байсан уу?

-Макс: Бид Сайншандаас хойд зүгийг чиглэн Монголын говийг машинтайгаа туулахаар шийдсэн. Хоёр дахь удаагийн оролдлогоор амжилттай туулсан. Эхлээд явахад маш хүчтэй элсэн шуургатай таарсаны улмаас юу ч харагдахгүй үнэхээр аймшигтай болоод Сайншанд руугаа буцсан. Тэндээ элсэн шуурга намжтал гурав хоног хүлээгээд үргэлжлүүлэн говийг туулж хамрын хийдээр дайраад Улаанбаатарт ийнхүү ирлээ. Биднийг цөлд буудаллаж байхад мотоциклтой нутгийн иргэд ирж бидэнтэй мэндлээд бидний зүгээр байгаа эсэхийг үргэлж асуудаг байсан. Гэхдээ хэл нэвтрэлцэхэд хэцүү байсан. Тэдний зарим нь англиар ярьж чадахгүй, бид хоёр Монголоор ярьж чадахгүй болохоор дохионы хэлээр л ойлголцдог байлаа.

-Витя: Хэрвээ Монгол руу аялахыг хүсэж байгаа хүмүүс байвал удаан хугацаагаар аялахыг зөвлөе. Зарим хүмүүс нэг эсвэл хоёр долоо хоног Монголоор аялахад болно гэж бодож байж магадгүй. Тэгвэл Монгол маш том шүү. Харж үзэх зүйл маш ихтэй болохоор аль болох удаан хугацаанд аялах хэрэгтэй.

-Макс: Би яг адилхан зүйл хэлмээр байна. Илүү их цаг зарцуулж удаан хугацаагаар аялаарай. Учир нь Монгол маш үзэсгэлэнтэй газар нутагтай тул хэчнээн удсан ч харамсахгүй. Бас виз гаргахад маш амархан. Цааш аялах төлөвлөгөө байгаагүй бол Монголын газар нутгаар ахиад 30 хоног аялж маш гайхалтай хоёр сарыг өнгөрөөх байсан.

-Аяллын маршрутаа бидэнд танилцуулаач?

-Бид Австралиас аяллаа эхэлсэн. Эхний таван сард Австралийг тойрон аялсан. Тэндээс усан онгоцонд машинаа ачаад Сингапур луу явсан. Сингапураас Малайз тайланд руу машинаараа аялж Лаос, Хятадаар дамжин Монголд ирсэн. Монгол дахь аяллаа дуусгаад Орос, Казахстан руу аялахыг зорьж байгаа. Тэндээсээ Тажикстан, Киргизстан, Узбэкстан магадгүй Иранаар дайраад Турк болон Өмнөд европоор аялсаар Германд очно гэж төлөвлөж байна.

-Витя: Бидний аяллын эцсийн цэг бол Герман. Учир нь Максын төрөлх нутаг бол Герман. Тиймээс бид машинаа Германд үлдээгээд аяллаа дуусгана гэж төлөвлөсөн. Тэгээд Сингапур луу нүүгээд тэндээ түр амьдарна. Витя Сингапурт төрсөн.

-Хамгийн анх аялах санааг хэн гаргасан бэ? Ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Витя: Хамгийн анх аялах санааг би гаргасан. Нэг л өдөр гэнэт "Бид яагаад Австралиас Герман руу машинаар аялж болохгүй гэж" гэж бодогдсон. Тэгээд Макст хэлэхэд тэр маш баяртайгаар хүлээж авсан.

-Макс: Бид жил хагасын турш энэ аяллыг төлөвлөж, машинаа аялахад тохиромжтой болгож тоноглоод гайхалтай адал явдлыг туулна байх гэж найдсан. Замд гараад одоо 250 хоног болж байна. Бид нарийн төлөвлөгөө гаргаагүй ч зул сараас өмнө Германд оччихсон байна байх гэж найдаж байгаа. Эргэн тойрны хүмүүстээ аялах гэж байгаа талаараа анх хэлэхэд их гайхаж хүлээж авсан. Бид өмнө нь жижиг аяллууд хийж байсан ч ийм том аялалд анх удаагаа гарч байна. Үнэхээр сонирхолтой байгаа.

-Өөрсдийн аяллын машинаа танилцуулаач?

-Макс: Энэ бол ланд крүүзер 2005 маркийн автомашин. Бид Австралид байхдаа машинаа худалдаж аваад аялалд бэлтгэн тоноглосон. Австралид ямар нэгэн амьтан мөргөх магадлалтай байдаг тул их хэрэгтэй байдаг. Мэдээж бид маш сайн дугуйтай байх ёстой. Учир нь Монголын говь шиг донсолгоотой хэцүү замаар мянга мянган км явах хэрэгтэй болно. Амрахаар бол майхнаа босгоод амардаг. Мөн дээвэр дээрээ эд зүйлсээ хийх жижиг хайрцагтай. Эндээ сүүдрэвч байрлуулсан. Энэ нь хурц нарнаас сүүдэрлэж, бороотой үед бас хэрэг болдог. Мөн хажуу талдаа “maxtrax” брэндийн элсний тавцантай. Элсэнд суусан үед салгаж аваад данхраадан доороо хийж машинаа өргөдөг. Дотроо бол иймэрхүү л байдаг. Энэ хөргөгч маань 65 литрийн багтаамжтай тул их хэмжээний мах, идэх зүйл нөөцлөх боломжтой байдаг. Машин маань доороо зуун литрийн усны савтай учир ундны усаа сайн нөөцөлж чаддаг. Энд ус шүүгч байгаа учир цоргоноосоо шууд ус ууж болно. Дээврийн майхан байрлуулсан болохоор босож зогсох ч боломжтой. Мөн бяцхан шарах шүүгээтэй. Машин дотроо хог хадгалаад байвал өмхий үнэртдэг тул гаднаа хадгалах сав хийсэн.

-Нохойгоо танилцуулахгүй юу? Аялалын их сонин хамтрагч байна? 

-Витя: Монгол улс Маяад маш их таалагдаж байгаа. Бидний зогссон газар болгонд эргэн тойрноор гүйгээд л, гүрвэл хөөгөөд л маш зугаатай байдаг. Бид Маяаг Мэллбүүрнд 9 долоон хоногтой байхаас нь тэжээж эхэлсэн. Маяа бидэнтэй хоёр жил хагас болж байгаа бөгөөд тэр маш их эрч хүчтэй болохоор Монгол улс түүнд маш таалагдаж байгаа. Учир нь дураараа тоглож гүйх тал нутаг түүнд маш их таалагдаж байгаа. Маяатай аялж байгаа нь илүү аз жаргалтай болгодог ч нэг талаараа аяллыг маань хүндрэлтэй болгодог. Учир нь ямар нэг улсын хилээр нэвтрэхэд түүнд зориулж маш олон бичиг баримт цуглуулах хэрэгтэй болдог. 

-Монгол орны нутагт нэвтрээд таван долоон хоног болж байгаагийн хувьд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Бид Монголд хайртай. Бүх хүмүүс бидэнтэй сайхан харьцаж, хүлээж авсанд маш их баярлаж байна. Бид инстаграм хаягтаа Монголд аялах тухайгаа оруулахад маш олон хүмүүс “Монголд тавтай морил” гэж байсан. Бидэнд ч үнэхээр таатай байлаа. Хэрвээ та нээлттэй, үзэсгэлэнтэй байгальтай орнуудаар аялах дуртай бол Монгол бол таны заавал очих ёстой газар шүү. Энд үнэхээр гайхалтай байлаа.