С.Бямбацогт: Хуурамч шатахуун импортлогч компанийн 360 вагон түлш борлуултгүй сул зогссоноос болж шатахуун тасалдах эрсдэлд ороод байна

С.Бямбацогт: Хуурамч шатахуун импортлогч компанийн 360 вагон түлш борлуултгүй сул зогссоноос болж шатахуун тасалдах эрсдэлд ороод байна

iSee.mn сайтын сэтгүүлч Б.Батчимэг ОХУ-аас мэдээлж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Тус айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хооронд түүхэн үйл явдал боллоо. Тодруулбал, 1949 онд байгуулсан "Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах Олон улсын гэрээ байдаг. Энэхүү олон улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдсаны эцэст өчигдөрт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр "Улаанбаатар төмөр зам"-ын дүрмийн сан 170 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн өр 200 гаруй тэрбум төгрөгөөр буурлаа.

Мөн тээвэрлэх хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдэх бололцоотой болж байна. Өөрөөр хэлбэл Оросын тал өөрсдийн хариуцсан зээлээ төлж барагдуулахад таван зүтгүүр өгөхөөр боллоо. Мөн Гурван улсын эдийн засгийн төв коридор байгуулж, транзит тээврийг нэмэгдүүлэх үүний тулд Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг хоёр дахин буюу 60 сая тонн нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Тун удахгүй манай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын талтай хамт ОХУ-д ирж ажиллахаар болжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа. 

ҮЗЭХ:

-ЧОЙБАЛСАН-ЭРЭЭН ЦАВ БУЮУ ОХУ-ЫН ЧИГЛЭЛИЙН 200 ГАРУЙ КМ ТӨМӨР ЗАМЫГ ОРОСУУДТАЙ ХАМТАРЧ БАЙГУУЛНА-

-Айлчлалын хүрээд зам тээврийн салбарт хийгдэж яриа хэлэлцээний талаар та танилцуулна уу? 

-Зүүн босоо төмөр зам буюу Чойбалсан Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Хятадын компани хамтран барих ажил ирэх долдугаар сард эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Чойбалсан-Эрээн цав буюу ОХУ-ын чиглэлийн 200 гаруй км төмөр замыг Оросын талтай хамтарч байгуулъя гэдэг асуудлыг ярилцаж ойрын үед ажлаа эрчимжүүлье гэж тохиролцсон. Орос Хятадыг холбосон төмөр замын ганцхан коридор байсан. Харин өдгөө хоёр дахь том коридор бий болох бололцоо бүрдэж байна. Ингэснээр транзит тээвэр нэмэгдэж, Монгол Улсын төсөвт орох орлого нэмэгдэх юм. Мөн дотоодын тээвэр нэмэгдэнэ. Ийм томоохон төслийг эхлүүлэх тал дээр ОХУ-ын Тээврийн сайд болон хувийн хэвшлийн компанийн захиралтай ярилцаж тохиролцлоо.

-Өнөөдөр чухал шийдвэр биелэлээ олж байна. Өмнө нь энэ асуудлыг батлуулахын тулд ямар санаачлагыг гаргаж байсан бэ?

-1993 онд Орос, Монголын аль аль нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж төмөр замын тээвэр зогсох эрсдэл үүсээд байхад Япон улс сайхан сэтгэл гаргаж, хөнгөлөлттэй зээл олгож байсан юм. Үүнээс хойш Улаанбаатар төмөр зам боломжийнхоо хэрээр зээл төлж байсан ч эцэстээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс хоёр улсын Засгийн газар энэ зээлийг хариуцан төлье гэдэг санал төлье гэдэг санал гаргаад 2018 онд энэ асуудлыг хоёр улсын парламентаар батлуулж хууль батласан. Энэ үеэс үе, үеийн Зам тээврийн болон Сангийн сайд нар хэлэлцээрийг батлуулж, Оросын талаар зөвшөөрүүлж, протоколд гарын үсэг зуруулах гэж хөөцөлдөж байсан. Энэ нь өнөөдөр ийнхүү биелэлээ оллоо.

-ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС БОЛООД ШАТАХУУН ТАСАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ БОЛООД БАЙНА-

-Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авах талаар ярилцсан болов уу?

-Шатахуун тасалдах эрсдэл төмөр замаас шалтгаалахгүй. Шатахууны нийлүүлэлт хангалт дээр импортлогч компаниуд тэр дундаа зарим нэг хуурамч шатахуун импортлогч гэж яригддаг компаниудын 360 вагон түлш борлуулалтгүй, газар дээрээ түгжээ болоод байж байна. Тэдгээр вагонууд суларч байж дараагийн шатахуунуудаа тээвэрлэх учиртай. Товчхондоо шатахуун импортлогч компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод шатахууны тээвэрлэлт саатах эрсдэл бий болоод байна. Харин төмөр замаас болоод шатахууны тээвэрлэлт зогсох эрсдэл байхгүй.


-Улаанбаатар төмөр зам энэ онд хэдэн сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьж байгаа вэ?

-Улаанбаатар төмөр зам түүхэндээ 31 сая тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилт тогтоосон. Өнгөрсөн 2022 онд 29 сая тонн ачаа тээвэрлэсэн. Нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бол 67 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь нэлээд асуудал даруулж, цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яам үүнд анхаарал хандуулж ажилласан. Үүний үр дүнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн санхүү болон тээвэрлэлт, техникийн үзүүлэлт сайжирсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэр 26 хувиар нэмэгдсэн. Бид энэ эрчээрээ явбал энэ онд 34 сая тонн ач тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох боломж бүрдэхээр харагдаж байна. Мөн транзит болон төмөр замын тарифиудын асуудлыг цэгцэлснээрээ төмөр замчдын замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлс нэмэх боломжтой болно. Тиймээс энэ асуудлыг ч холбогдох албаны хүмүүстэй ярилцаж, ойлголцолд хүрлээ. Орж ирж байгаа орлого бүрийг Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орлого олох чиглэлд хөрөнгө оруулалт хийнэ.

-Баярлалаа