ШУУРХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть”-ийн захирал И.Сечинтэй уулзаж "Шатахууны нийлүүлэлтийг нэмж, нөөцлөх, үнийг тогтвортой байлгах"-аар тохирчээ

ШУУРХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть”-ийн захирал И.Сечинтэй уулзаж "Шатахууны нийлүүлэлтийг нэмж, нөөцлөх, үнийг тогтвортой байлгах"-аар тохирчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 19-21-ны хугацаанд ОХУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалын сүүлийн өдөр “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нөөцлөх боломжийг хангах, үнийг тогтвортой байлгах цаашлаад комиссын хурлын дараа үнийг буулгахаар талууд тохиролцоонд хүрсэн байна.

Ташрамд дурдахад, “Роснефть” ХН-ээс “40 хоног шатахуун нийлүүлэх боломжгүй” гэх агуулга бүхий бичгийг манай улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлээд байжээ.  Харин энэ асуудал УИХ-ын даргын айлчлалаар ийнхүү шийдэгдсэн байна.  

Мөн талууд ирээдүйд тохиох боломжтой давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан тохиолдолд зайлшгүй нөхөх арга хэмжээ авах талаар тохиролцов. Тодруулбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын хэмжээнд төмөр замын ачааллаас үүдэн нийлүүлт хойшлогдсон газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нөхөн нийлүүлэхээр ярилцав. Тохиролцооны дагуу ирэх саруудад энэ хэмжээг нөхөн нийлүүлэх талаар талууд уулзалтаар тохирчээ.

Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг нэг асуудал бол нөөцийг бий болгох явдал юм. “Роснефть” ХН-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажил ойрын саруудад хийгдэх гэж байгаатай холбогдуулан тус компани Монгол руу экспортлох шатахууны хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлнэ гэв. Уулзалтын үеэр 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хууль тогтоомжид тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын шинэ “Чингис хаан” нисэх онгоцны буудлын шатахуун түгээх цогцолборт онгоцны түлш нийлүүлэх боломжтой болсонд УИХ онцгой чухал хувь нэмэр оруулсныг Оросын тал талархан тэмдэглэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Игорь Сечин нар Монгол, Оросын хоёр талын харилцаа сайн хөршийн, найрсаг уур амьсгалд өрнөдгийг онцлон тэмдэглэсэн ба уулзалтын дүнгээр Игорь Сечин “Монгол Улс бол манай Улсын хувьд эрчим хүчний стратегийн түнш юм. Бид танай улсад хүргэх нийлүүлэлтийн найдвартай байдлыг баталгаатай хангах болно” гэдгээ илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: rosneft.ru