Ч.Хүрэлбаатар: Англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар хуульд тусгахгүйгээр хөтөлбөрт оруулах талаар ярьж байна. Энэ бол үлгэр

Ч.Хүрэлбаатар: Англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар хуульд тусгахгүйгээр хөтөлбөрт оруулах талаар ярьж байна. Энэ бол үлгэр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг 2021 онд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Уг хуульд "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалт орсон. Боловсролын ерөнхий хуулийг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл" гэх заалтыг унагасан. Энэ нь нийгэмд томоохон хэлэлцүүлэг, маргаан үүсгээд байна. 

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монголчуудынхаа амьдралын түвшнийг сайжруулмаар байна. Иргэдийн боловсрол Монгол Улсын хөгжлийн хамгийн гол түлхүүр юм. Яагаад Англи хэлийг тойроод нийгэмд асуудал үүсээд байна вэ гээд зарим хүн гайхаад байх шиг байна. Гайхаад байх зүйл бол энэ биш. Англи хэл бол дэлхийн 53 улсын албан ёсны хэл. Бараг ихэнх орны албан ёсны хоёр дахь хэл. Англи хэл бол аялал жуулчлал, технологи, бизнесийн хэл. Болж байгаа бүх арга хэмжээ Англи хэлээр явагддаг. 

Улсаа хөгжүүлье гэвэл Англи хэлний тухайд онцгой ач холбогдол өгөх ёстой. Хуульд Англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар хуульд тусгахгүйгээр хөтөлбөрт оруулах талаар ярьж байна. Энэ бол үлгэр. Хэрвээ хүүхдийн мөнгийг өгнө гэж хуульд заагаагүй бол энэ мөнгийг өгөхгүй. Ухаанаа уралдуулж, овжин зан гаргаад энэ асуудлыг тойрох талаар бодоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Боловсролын ерөнхий хуулийг анх өргөн барихад дотор нь байсан Англи хэлний тухай заалтыг босгомоор байна. 

Гишүүд Ж.Чинбүрэн гишүүний гаргасан саналыг унагаах хэрэгтэй. Ирээдүйгээ бодох хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдийнхээ сайхан амьдралын төлөө шийдвэр гаргамаар байна. Хууль батлагдаад, багш нараа бэлдэнэ. Миний хувьд Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах ёстой гэж үзэж байна. Би Англи хэлийг их сургуульд байхдаа сурсан учраас миний аялга хатуу талдаа. Хүүхэд байхдаа Англи хэл сурвал эх хэл шигээ сурч чадна. Англи хэл заах заалтыг дэмжихгүй бол тухайн хүүхдүүдийн өчнөөн олон боломжийг хааж байна гэсэн үг" гэлээ. 

ҮЗЭХ