МАН-ын бүлэг: НДШ-ийг хоёр хувиар нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

МАН-ын бүлэг: НДШ-ийг хоёр хувиар нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны улсын төсвийн дөрвөн зүйлд хориг тавьсан.

Түүнээс Монгол Улсын 2020 оны төсөвт тусгасан нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх заалтад Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахаар болжээ.

УИХ-ын чуулганаар хоригийг эцэслэн шийдвэрлэсний дараа УИХ-ын Төсвийн байнгын хороо нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хууль боловсруулж, батлуулах юм.

Харин 2020 онд эхэлж, 2021-2022 он дамжин хэрэгжих барилгын ажлын жагсаалтад хэсэгчлэн, Ирээдүйн өв сангийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчлэн хоригийг хүлээн авахгүй байхаар шийджээ.

Уг хуульд Өмгөөлөгчдийн холбоо байгуулах асуудлыг тусгасан. 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Өмгөөлөгчдийн холбоог татан буулгаж, чиг үүргийг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлсэн. Хуульчдын холбоо өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тул давхардсан чиг үүрэгтэй холбоо байгуулах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан юм. Гэмт хэрэг шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог хуулийн этгээдүүд нэг нэгнээсээ хараат бус байх ёстой. Гэтэл хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд Хуульчдын холбоонд харьяалагдаж байгаа нь хараат бус байдалд нөлөөлж болзошгүй тул хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн МАН-ын бүлэг үзсэн байна.