Ц.Элбэгдорж, С.Баяр нарын “дайныг эсэргүүцсэн” бичвэрт Оросууд бухимдаж элчин сайд Ө.Энхтүвшинг удаа дараа дуудаж, "дургүйцэл"-ээ илэрхийлжээ

Ц.Элбэгдорж, С.Баяр нарын “дайныг эсэргүүцсэн” бичвэрт Оросууд бухимдаж элчин сайд Ө.Энхтүвшинг удаа дараа дуудаж, "дургүйцэл"-ээ илэрхийлжээ

Орос, Украины дайн эхэлснээс хойш ОХУ манай улсад сонирхлоо нэмэгдүүлж, дотоод асуудалд ч оролцохоор оролддог болсон гэж болно. 

Тухайлбал, Оросын элчин сайд асан И.Азизов “УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг авахыг хүсэж”, мөн тэрээр өнгөрсөн жил /2022.07/ Эрхүү мужид ажиллах үеэрээ, “Монгол Улсыг парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлнэ” гэж ярьсан удаатай. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР НАРЫН ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД НИЙТЭЛСЭН БИЧВЭРТ ОРОСУУД БУХИМДАЖ, ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИНГ УДАА ДАРАА ДУУДЖЭЭ-

Харин өдгөө Боловсролын ерөнхий хуулиас “англи хэлний заалтыг хасах” гэж МАН-ын гишүүд улайрч байгаа нь мөн л “оросуудын шууд шахалтад орсон” гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд Оросууд манай улсын дотоод асуудалд оролцох гэсэн үйлдэл нь хэрээс хэтрээд байгаа гэж болно. Энэ нь МАН дангаараа засгийн эрхийг сүүлийн 8 жил барьж байгаатай ч холбоотой.

Тэгвэл Оросын тал манай улсын нэр бүхий иргэдийн олон нийтийн сүлжээнд бичиж буй бичлэг, мэдээллийг хянах болсон байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын твиттер, фейсбүүктээ “Оросын Украинд эхлүүлсэн дайныг эсэргүүцэж” бичсэн хэд, хэдэн бичвэрт нь оросууд бухимдаж Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшинг удаа дараа дуудаж “дургүйцэл”-ээ илэрхийлжээ. Тэд элчин сайд Ө.Энхтүвшинг ОХУ-ын Гадаад хэргийн яам дээрээ дуудаж “Ц.Элбэгдорж бол Монголын Ерөнхийлөгч байсан. С.Баяр ОХУ-д элчин сайдаар сууж байсан хэрнэ Оросын эсрэг зүйлийг олон нийтийн сүлжээнд бичиж байна” гэсэн утгатай зүйлийг хэлж, анхааруулж удаа дараа “дургүйцэл”-ээ илэрхийлжээ. 

Манай улсын Үндсэн хуулийн 16.16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ” гэж заасан. Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү. Гэтэл өөрийн газар нутаг дээрээ үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг Москвагаас хянаж ийнхүү хянаж байгаа. 

-ОРОСЫН УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ ТҮРЭМГИЙЛЭЛ, ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР НАР ТВИТТЕР ХУУДАСТАА МЭДЭЭЛЭЛ НИЙТЭЛДЭГ-

Тэгвэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын Украинд явуулж байгаа түрэмгийллийг эсэргүүцэж, мөн саяхан дайны хөлд нэрвэгдсэн Буча, Киев зэрэг хотуудад очсон. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа, “Өчигдөр Украйнаар бүтэн өдөр амьсгалав. Хамгийн сүүлд киногоор өндөрлөв. Энэ шившгийн дайнд Украйн ялахаас өөр гарц байхгүй. Эс бөгөөс ийм солиорол эрх чөлөөг хүссэн аль ч улс орон, ард түмний эсрэг давтагдах магадлалтай.” зэргээр Оросын түрэмгийллийг буруутгаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Харин Ерөнхий сайд асан С.Баярын хувь тэрбээр 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан. Тэрээр Оросын Украинд явуулж буй дайныг эсэргүүцдэг нэгэн. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 09-ны өдөр Ялалтын баярын өдөр өөрийн твиттер хуудастаа, “Уг нь сайхан баяр байсан. 2014 онд Хэрэмийн хойгийг Украинаас булаан авч, Донбассыг “холгож” эхлэн, энэ бүхнээ Ялалтын баяртай холбон ОХУ сурталддаг болсноос хойш нэг л биш. Энэ баярыг тэмдэглэхээр Украиныг дээрэлхэж буйг дэмжээд байгаа юм шиг” хэмээн жиргэж байжээ.