Нэр бүхий компаниуд БНХАУ-ын 60 гаруй иргэнийг хууль бусаар Монголд ажиллуулж байжээ

Нэр бүхий компаниуд БНХАУ-ын 60 гаруй иргэнийг хууль бусаар Монголд ажиллуулж байжээ

Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 566 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 32 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 40 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Тухайлбал:

Нийслэлийн прокурорын газраас “С”, “Ө”, “Э” ХХК-иуд нь 2023 оны нэгдүгээр сараас 5 дугаар сарын хооронд БНХАУ-ын 60 гаруй иргэний оршин суух зөвшөөрлийг аваагүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийг удаа гаргасан шалтгаан нөхцөлийг арилгуулж, давтан гаргахгүй байх зорилгоор холбогдох арга хэмжээг авахуулаар дээрх компанийн удирдлагуудад прокурорын мэдэгдэл тус тус бичиж хүргүүлсэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Гадаадын иргэний Монгол Улсад урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх, гадаадын иргэн Монгол улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүргийг хуулиар хүлээсэн”

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.