МАН-ЫН ЭЦСИЙН СОНГОЛТ: 76 жижиг тойргоор сонгуулийг явуулах уу

МАН-ЫН ЭЦСИЙН СОНГОЛТ: 76 жижиг тойргоор сонгуулийг явуулах уу

УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Нэгэнт хэлэлцэхийг нь дэмжсэн учраас үргэлжлүүлэн дараа, дараагийн хэлэлцүүлгийг хийх юм. Сонгуулийн хуулийг баталсан байх ёстой эцсийн хугацаа энэ сарын 25-ны өдөр. Тиймээс эрх баригч МАН УИХ-ын сонгуулийн хуулийг батлахаар яаравчилж, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг ойрын хугацаанд эхлүүлэхээр бэлтгэж байна.

-МАН 76 ЖИЖИГ ТОЙРОГТ СОНГУУЛЬ ЯВУУЛАХААР ТОХИРЧЭЭ-

Гэхдээ хэлэлцүүлгээс өмнө нэг асуудлаар тохирох шаардлага бий. Тэр нь сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах эсэхийг эцэслэх юм. МАН-ын гишүүдийн боловсруулснаар 26 том, 50 жижиг тойрогт сонгуулийг явуулах асуудлыг одоогоор ярьж байгаа. Гэхдээ энэ нь эцэслэн батлагдаагүй хувилбар.

Өөрөөр хэлбэл, МАН уг хувилбар дээр яг, таг тохирч, эцсийн шийдвэрийг гаргаагүй гэсэн үг. Тиймээс уг асуудлаар тус бүлэг Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан есөн хүнтэй ажлын хэсгийг гаргасан бөгөөд уг ажлын хэсэг дээрх асуудлыг дахин судалж, нягтлах үүрэгтэй ажиллаж байна.

Гэхдээ МАН наанаа ажлын хэсэг гарган 26 том, 50 жижиг тойргийн асуудлаар судалгаа хийлгэж байна гэж буй ч цаанаа эцсийн тохироогоо аль хэдийн хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, МАН эцсийн мөчид 76 жижиг тойргийг сонгож сонгуулийн хуулийг батлахаар ярилцжээ.

МАН-ын Удирдах зөвлөл болон бүлэг хуралдаж нэгдүгээр хэлэлцүүлгээс өмнө 76 жижиг тойрогт сонгуулийг явуулах хувилбарыг оруулж ирэхээр болсон гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Эрх баригчид энэ талаар “АН жижигрүүлсэн мажоритар системийг дэмжихгүй байгаа учраас 26 том 50 жижиг гэх хувилбарыг санал болгосон.  Гэтэл АН дэмжихгүй байна. Тиймээс 76 жижиг хувилбараар явуулахаар боллоо” гэх тайлбарыг хийхээр бэлдсэн ч гэх мэдээлэл байгаа юм.

-ХОТЫН ЗУРГААН ДҮҮРГИЙН МАНДАТЫГ ХАСЧ, ХӨДӨӨГИЙН
ЗАРИМ ТОЙРГИЙГ НЭМНЭ-

Эрх баригчид хотын төвийн зургаан дүүргээс нэг, нэг мандатыг хасч хөдөөгийн зарим мандатыг нэмэхээр ярилцжээ. Тэр дундаа Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь зэрэгт тус бүр нэг мандат нэмэхээр тохирсон гэж буй.