Сормуус артист Б.Чой: Анх ичээд гэр бүл, найзууддаа хэлж чадаагүй. Гэхдээ амьдралаа авч явна гэж бодсон учраас эцсээ хүртэл суралцсан /ВИДЕО/

Сормуус артист Б.Чой: Анх ичээд гэр бүл, найзууддаа хэлж чадаагүй. Гэхдээ амьдралаа авч явна гэж бодсон учраас эцсээ хүртэл суралцсан /ВИДЕО/

“Зөвхөн эмэгтэйчүүд гоо сайхны салбарт ажиллах, Эрчүүд эмч л биш бол хүнд ажил хийх эсвэл боловсрол эзэмшиж компьютерын ард сууж мөнгө олох” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж өөрийн дуртай ажлаа хэнээс ч санаа зоволгүй хийж сурсан. Мэргэжилдээ эзэн нь болж чадсан нэгэн сормуус урлаач залууг бид энэ удаа онцоллоо.

ВИДЕО: 

Түүний хувьд СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн ч оюутан байхдаа анх эрэгтэй хүн сормуус хийж байхыг харснаар уг ажилд дурлаж суралцаж, сормуус хийдэг болоод дөрвөн жил болжээ. Ингэхдээ аав, ээж найзуудаасаа ичсэн учир эхэндээ чимээгүй ажилласаар жил болсон гэх. Мөн түүнийг одоо ч “эрэгтэй хүн байж эр хүний ажил хий” хэмээн шүүмжлэх хүмүүс сошиалд байдгийг ярьж байлаа. Ямартай ч ярилцлага авах гэж хүлээх зуураа түүнээр үйлчлүүлэх гэж хүлээж буй хүмүүс болон үйлчлүүлээд баярлаж гарч буй хүмүүсээс харахад зүгээр нэг гоо сайхны салбарын эрчүүдийн төлөөлөл бус мэргэжилдээ ч нэлээдгүй сайн гэдэг нь харагдаж байсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Батбаярын Чойнпоролжав гэдэг. Сормуус урлаач мэргэжилтэй залуу байна.

-Яагаад сормуус хийж мэргэжлийг сонгох болов?

-Би их сургуульд суралцаж байхдаа. Нэг удаа гоо сайхны эмнэлэгт явж байгаад сормуус хийж байгаа эрэгтэй хүн олж харсан. Тэгээд л сэтгэл булгилаад гоё байсан болохоор очиж хармаар санагдсан. Тэгээд маргаашаас нь очиж сормуус хийе гэж суралцаж эхэлсэн.

-Хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Суралцаж төгссөнөөсөө хойш тасралтгүй ажилласан. Одоо дөрвөн жил болж байна.

-СУИС-д суралцаж төгссөн гэсэн. Ямар мэргэжил эзэмшсэн бэ?

- Үндсэн мэргэжил маань дуулаач. 2019 онд СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж байсан.

-Дуулаач мэргэжлээрээ одоо давхар ажилладаг уу?

- Төгсөхөөсөө өмнө сормуус гоё санагдаж сонирхож эхэлсэн. Төгсөөд нэг их дуулаач мэргэжлээрээ яваагүй тэр чигтээ сормуус хийсэн. Гэхдээ Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн ч гэсэн тэр чиглэлээрээ биш нийтийн дуу тал руугаа хажуугаар нь бас явдаг. Хэд хэдэн уран бүтээл гаргасан. Хааяа ганц нэг найранд очиж дуулдаг. Ирээдүйд урлаг уран бүтээлээр явна гэж бодож байгаа.

-Сормуус хийдэг болно гэхэд нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Би хэлээгүй л дээ. Би аав ээждээ хэлээгүй жил болж байсан. Ичээд найз нөхдөдөө ч гэсэн нэг их хэлдэггүй байсан. Тэгээд яг жилийн дараа Сормуус артист Чой гэж фейсбүүк нээж байсан. Одоо бол ерөөсөө ичдэггүй. Мэргэжилдээ дуртай болохоор жаргалтай хийдэг дээ.

-Монгол Улсад тогтсон нэг аман жишиг байдаг шүү дээ. Жишээлбэл эрэгтэй хүн ямар нэг мэргэжилтэй бус бол хүнд ажил хийж мөнгө олон ёстой ч гэдэг юм уу. Ер нь гоо сайхны салбарт эрэгтэй хүн байх нь ховор. Тиймээс ч их шүүмжлэл ирдэг байх.

-Тийм шүү. Би өөрөө эхлээд их ичдэг байсан. Тэгээд яг пэйж хуудсаа нээгээд олон түмэнд ил гарч ажиллаж эхэлмэгц хүмүүс ч гэсэн маш сонин хүлээж авсан. Зарим нь гоёор хүлээж авч байсан. Зарим нь дооглож байсан. Одоо хүртэл тийм байгаа. Эрэгтэй хүн байж эрэгтэй хүнийхээ ажлыг хийгээч гэдэг. Жишээлбэл хоол хийх тогооч хүртэл эмэгтэй хүний оролцоогүй дан эрчүүд хийж л байна. Түүнтэй яг адилхан ялгаагүй л ажил мэргэжил, урлагийн бүтээл байхгүй юу сормуус хийнэ гэдэг чинь. Тиймээс би одоо ичихээ байсан. Хүмүүсийн дийлэнх нь дэмждэг болсон. Тэр утгаараа их гоё байгаа.

-СУИС-ийн бүх охидод сормуус хийсэн гэх бичлэг байсан?

-Тэр бараг л үнэн дээ. Анх суралцаж байхад хамгийн түрүүнд моделиуд хэрэгтэй байдаг. Тиймээс өдөр хичээлдээ суугаад тармагцаа ангийнхаа охидоос нэг хоёроор нь гуйдаг байсан. Найз нь сормуус хийж сурч байгаа юм аа. Очоод хийлгээд өгөөч гэдэг байсан. Эхлээд дуртай дургүй очиж хийлгээд л хэд хоногоос СУИС-ийн коридороор дүүрэн сормуустай охидоор дүүрч эхэлсэн. Тиймээс бүгд сормуус хийлгэе гэдэг болсон. Сүүлдээ бүр багш нар маань хүртэл очиж байсан. Тэд нар маань л гол суурь болж өгсөн дөө. Дор нь сурсан. Сарын дотор сормуус хийж сураад төгсөөд л ажиллаж эхэлсэн.

-Зориглоод сормуусныхаа чиглэлээр ажиллахад анх өдөрт хэдэн хүн ирдэг байв. Одоо хэдэн хүн ирж байгаа вэ?

Анх хүн нэг их ирдэггүй байсан. Өдөрт ганц нэг хүн. Хоёр гурав хоноод ганц нэг хүн гэхчлэн эхний хэдэн сар тийм байсан. Тэгээд “за одоо энэ ч бас л болохгүй л ажил байна даа” гэж бодсон. Гэхдээ нэгэнт л зориглоод эхэлсэн болохоор би энийг л хийж амьдарна гэсэн зорилго тавьсан байсан. Би одоо энийг л хийж амьдралаа авч явна. Гоё ч ажил, өөрөө ч маш их дуртай. Энэ зүйлдээ дурласан юм болохоор эцсийг нь хүртэл хийнэ гэж явсан. Цаг хугацааны явцад миний чадвар сайжирдаг юм уу. Хүмүүс маш их мэддэг болж ирсэн хүмүүс маань ч ахин дахин ирэх болсон. Одоогоор өдөрт 5-10 хүнд сормуус хийж байна.

-Нэлээд их үйлчлүүлэгчтэй харагдлаа. Олон ч хүн зорьж ирдэг бололтой. Та тэдгээр үйлчлүүлэгчдийнхээ сэтгэгдлээс хуваалцвал?

-Их гоё хийдэг, хөнгөн гартай, мэдрэмжтэй гээд л сэтгэгдлүүд тасардаггүй.

-Таны ярианаас гоо сайхны салбарт ажиллах хүсэлтэй ч мөн эрэгтэй гэх шалтгаанаар хүссэн ч ажиллаж чаддаггүй, суралцдаггүй эрэгтэй хүмүүс байдаг байх гэж бодлоо. Тиймээс та тэдгээр хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Ажил мэргэжлийн голоод байх шаардлага байхгүй шүү дээ. Мэргэжилдээ, хийж байгаа ажилдаа эзэн нь байвал эр ч бай, эм ч бай хамаагүй шүү дээ. Жилийн өмнө би Дубайд болсон олон улсын гоо сайхны тэмцээнд онлайнаар оролцож байсан. Тэр тэмцээнд классик төрлөөр оролцож тэргүүн байр авч байсан. Тэгээд өчигдөр Монголдоо болсон гоо сайхны тэмцээнд анх удаа оролцсон. Тэр тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байранд орсон. Тийм амжилттай л явж байна даа.

-Эцэст нь яагаад энэ ажилдаа хайртай, сормуус хийх дуртай гэдгээ товчоор илэрхийлбэл?

-Би хүмүүст бага ч болов инээд хөөр, баяр баясал, аз жаргал бэлгэлэх дуртай. Дээрээс нь эмэгтэйчүүддээ гоо сайхныг бага ч болов түгээхийг л хичээдэг хүн байгаа юм.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.