Хутга гаргаж танхайрсан ачилтын компанийн ажилтан хулгай болон танхайн хэргээр дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ

Хутга гаргаж танхайрсан ачилтын компанийн ажилтан хулгай болон танхайн хэргээр дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна.

Тодруулбал, "Баян хаябуса" ХХК-ний жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэх үед жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцож, улмаар гудамж, талбайд хутга гаргаж танхайрсан байна.  Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт дөрвөн  удаа ял шийтгэгдэж байжээ.

Мөн автомашин ачилтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодруулахад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолоор нийслэлийн 77 гудамж, талбайгаас хууль, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай ба нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгж гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар "...шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө" гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Иймд иргэн Ц-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг /Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах/, 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг /Танхайрах/ зэрэг хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн шинжтэй үйлдэл байна.