ВИДЕО: БНСУ-ын буцалтгүй тусламжаар 4 сая ам.долларын өртөгтэй "Мал амьтны эрүүл мэндийн төв"-ийг байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө

ВИДЕО: БНСУ-ын буцалтгүй тусламжаар 4 сая ам.долларын өртөгтэй "Мал амьтны эрүүл мэндийн төв"-ийг байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө

БНСУ-ын буцалтгүй тусламжаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал амьтны эрүүл мэндийн төв байгуулагдаж, өнөөдөр /2023.06.28/ нээлтээ хийлээ.

ВИДЕО:

Уг төв нь нээгдснээр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлага олох, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж буй юм.  

Мал амьтны эмнэлгийг БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулсан байна. 

Төслийг Монголын талаас ХХААХҮЯ, Сангийн Яам болон ХААИС, БНСУ-ын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац(KRC) болон Хүнс хөдөө аж ахуйн яам(MAFRA) хоорондын гэрээгээр 2019-2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан бөгөөд төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар БНСУ-ын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургуулийн Мал эмнэлгийн сургууль шалгаран бүтээн байгуулалт, багш, судлаачдыг чадавхжуулж, дадлагажуулах ажлыг гүйцэтгэжээ. 

Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхараас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлжээ. Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд Мал эмнэлгийн сургуулиийн багш нар БНСУ-д очиж мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагдсан байна. Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт сургалт, семинар, дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна.