ВИДЕО: Өлссөндөө айл бараадаж ирсэн хоёр бамбаруушийг байгаль хамгаалагчид тэжээж, малчид сүү, худалдаачид жимс өгдөг болжээ

ВИДЕО: Өлссөндөө айл бараадаж ирсэн хоёр бамбаруушийг байгаль хамгаалагчид тэжээж, малчид сүү, худалдаачид жимс өгдөг болжээ

Эхээсээ өнчирч өлссөн хоёр баавгайн бамбарууш малчин айл иржээ. Иймд малчид тэдэнд сүү өгснөөр хүнээс холдохоо байсан талаарх дуудлага мэдээлэл Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирсэн байна. Улмаар бамбаруушуудыг айлын өвөлжөөнөөс шилжүүлэн авч өөрсдийн захиргаанд тэжээж эхэлжээ. Ингэхдээ ан амьтны байгалийн зэрлэг араншныг нь сэргээж, эрүүл өсгөж бие даах чадвартай болохоор нь байгальд тавихаар ажиллаж буй юм. 

Энэ талаар Байгаль хамгаалагчид ярихдаа "Хоёр бамбаруушаа Дулам, Дондог гэж нэрлэсэн. Тэжээхдээ мэргэжилтнүүдийн арга зүйн зөвлөгөө мэдээллээр арга хэмжээ авч байна. Одоогоор ганц тулгамдаж буй асуудал нь бамбаруушуудаа хооллох төсөв байхгүй учир өөрсдөө хооллодог. Ингэхдээ хааяа нутгийн үхэртэй айлууд хоёр бамбаруушдаа өгөөрэй гэж сүү авчирч өгнө. Мөн бид 65 км явж Эрдэнэтийн худалдаачнаас мөн манай хоёр өгч буй жимс авдаг. Бусад үед өөрсдөөсөө л аргалаж буй аж. Иймд бид энэ талаар дэлгэрүүлэн Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунсүрэнтэй ярилцлаа. 

ВИДЕО: 

-Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Би Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунсүрэн гэж хүн байна. 2012 онд байгууллага маань анх байгуулагдсанаас хойш одоог хүртэл ажиллаж байна. Байгаль хамгаалагчаар ажлаа эхлүүлж мэргэжилтэн болтлоо ажиллаад явж байна.

-Хоёр бамбарууш анх хаанаас олдсон бэ?

-Хоёр бамбарууш маань Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багын Баянгол гэдэг газраас олдсон.

-Олох үед ямар байдалтай байв. Эхийг нь хайж үзсэн  үү?

-Тус бүсэд өвөлждөг айлууд малаа гол руу бэлчээж байх үед модон дээр гараад бахирч буй хоёр бамбаруушийг анх олсон. Эхийг нь хайсан ч олдоогүй. Бамбаруушууд тасралтгүй орилж байсан учир модноос буулгаж сүү өгсөн юм байна лээ. Тэрнээс хойш тус өвөлжөөнд байсан айлаас явахгүй хөөгөөд холдохгүй болсон байсан.

Тиймээс тус айлын малчид сум руугаа хоёр баавгайн бамбарууш ирсэн талаар дуудлага өгсөн. Харин сумын захиргаа тусгай хамгаалалттай газраас гарч ирсэн байх гэж таамаглаад манай байгууллагатай холбогдсон. Бид мэдээлэл авсан даруйдаа БОАЖЯ, Зэрлэг амьтны нийгэмлэг болон баавгайн бамбарууш тэжээж байсан туршлагатай  Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүхтэй холбогдож мэдэгдэж мэдээлэл авсан. Улмаар маргааш нь манай байгууллагаас бүлэг томилогдож авч ирсэн байгаа. Одоогоор бид тэжээж байна.

-Яагаад тэжээхээр болов?

Бамбаруушууд хэтэрхий жаахан өөрсдөө хоол олж идэх чадваргүй тул тэжээхээр болсон. Дээрээс нь сүүг угжаар хөхөхдөө сайн. Уухдаа ч муу байсан. Тиймээс бид байгууллага дээрээ авч ирээд зэрлэг амьтан барихад ашигладаг тороор үүр хийж хашаалсан. Одоогоор хоёр бамбарууш маань том болсон учир байрыг нь томруулж 4:4 харьцаатай төмөрөөр торлож оромж барьж байгаа.

-Хэд орчим сартай гэж үзэж байгаа вэ? 

-Баавгай дөрөвдүгээр сард төллөдөг учир бамбаруушууд анх олдохдоо хоёр сар гарч явсан гэж үзэж байгаа. Одоо тэгэхээр гурван сар хүрч байгаа.

-Зэрлэг амьтан учир тэжээхэд тодорхой баримтлах зүйлс байгаа байх. Хаанаас арга зүйн зөвлөгөө авч байгаа вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Малын эмчид үзүүлж гаршуулахгүй гэдэг үүднээс торлож бас зай барьж ажиллаж байна. Мөн бусад байгууллагаас арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байна.

-Бамбаруушуудын биеийн байдлыг үзүүлсэн үү?

-Хэвийн буюу маш сайн байгаа.

-Юугаар хооллож байгаа вэ?

-Үхэрийн сүү, ус мөн жимсээр хооллож байгаа. Баавгай жимсийг муудсаны дараа иддэг тул өгөхөөр өөрсдөө муудахаар нь иддэг байсан. Одоо ихэнхдээ идэхэд бэлэн муудсан байдлаар өгч байна.

-Өдөрт хэдэн удаа хооллож байна.

-Өдөрт гурван удаа сүү өгдөг нэг өгөхдөө литр сүү өгнө. Мөн ус бол байнгын тавьж өгдөг. Тоглож байгаад асгавал нэмэх гэхчлэн хоолоо өлсөх үедээ идээд байж байна даа.

-Хоёр бамбаруушны хоолны зардлыг өөрсдөө гаргаж байгаа юу. Төсөв гаргаж өгсөн үү?

-Бид биеэ даах чадвартай болох хүртэл нь тэжээх хүртэл төсөв тавьж өгөх хүсэлт гаргасан ч татгалзсан хариу ирсэн. Тиймээс одоогоор өөрсдөө хооллож байгаа. Манай энэ хавийн үхэртэй айлууд бамбаруушид өгнө гээд сүү авчирч өгдөг. Харин жимсээ бол 65 км явж Эрдэнэтийн жимсний бөөний худалдааны газартай яриад очиж авдаг болсон.

-ХОЁР БАМБАРУУШАА ДУЛАМ, ДОНДОГ ГЭЖ НЭРЛЭСЭН-

-Хоёр бамбаруушдаа нэр өгсөн үү?

-Өгсөн байгаа. Дондог, Дулам гэж хоёр нэртэй болсон.

-Дондог, дулам

-Баавгайн хувьд хүнд гарших магадлал байдаг уу?

-Ер нь гаршихаар шинжтэй байгаа. Хоол өгөх гэж өчиж байгаа учир хүнд тодорхой хэмжээгээр гаршиж байгаа. Тиймээс бид зөвлөгөөний дагуу хоёр л хүн байнга хоолыг нь өгч аль болох ойртохгүй байдаг. Тиймээс одоо жаахан ааштай болж зэрлэг амьтны араншин гарч ирэх гээд л байгаа. Гэхдээ гаргаж тоглуулах үед хүн рүү ойртохгүй бас дайрдаггүй. Гэхдээ хоёр сар орчим настай олдсон учир хүнд гарших магадлал их байгаа. Бидний харж байгаагаар хүнээс айхгүй бас холдохгүй байна гэдэг нь хүн рүү очиж байгаад буудуулах магадлал их. Тиймээс байгальд тавихад эрсдэлтэй. Тэрний оронд амьтны хүрээлэн, парк зэрэгт өгвөл энэ хоёрын маань нас нь арай урт байх болов уу гэж бодож байгаа.