Эрээн, Замын-Үүд 24 цагаар ажиллахаар болж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээл бүтэж, Боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлье гэж хоёр тал тохирчээ

Эрээн, Замын-Үүд 24 цагаар ажиллахаар болж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээл бүтэж, Боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлье гэж хоёр тал тохирчээ

Энэ долоо хоногт Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх шүүхийн шийдвэр гарч, УИХ дээр улс төрийн намын тухай, Боловсролын ерөнхий хууль хэлэлцэгдэж эхэлсэн бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилсан гээд олон үйл явдал өрнөсөн долоо хоног болж өндөрлөж байна. 

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН 2022 ОНД БНХАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ ХИЙСЭН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлал нь түүний хувьд ерөнхий сайдын хувиар тус улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрээр өмнө нь Орос, Украины дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сар /2022.02/-д БНХАУ-д айлчилж, Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтэд оролцож байв. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж дараах асуудлыг хоёр тал ярилцаж байв.

Үүнд:

  • Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохирч,
  • Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцож, 
  • ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцож, 
  • Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслүүд, тухайлбал “Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж байв. 

Харин БНХАУ-ын тал, “цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллах”-аа илэрхийлсэн. 

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН 2023 ОНД БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНТЭЙ ХИЙСЭН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ-

Харин 2023 оны зургаадугаар сар /2023.06/-д БНХАУ-д хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар “Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох”-оор талууд тохирлоо. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх асуудлаар санал солилцжээ.

Үүнд:

  • Боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, ялангуяа Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг хоёр оронд харилцан ашигтайгаар багцлан хөгжүүлэх “Эрдсийн хойд хаалга” ойлголтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд өгч, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд Хятадын даргыг дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
  • Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, 
  • Авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 
  • Аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй санал солилцсон байгаа юм.

Мөн тус айлчлалын үеэр Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн стратегийг Хятадын “бүс ба зам” зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гол бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулах талаар бодлогын тохиролцоонд хүрсэн байгаа юм. Цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө