Н.Мандуул: Талхны үнэ нэмэгдсэн нь цалин, тэтгэвэр бус гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотой

Н.Мандуул: Талхны үнэ нэмэгдсэн нь цалин, тэтгэвэр бус гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотой

Долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өндөр настнуудын тэтгэвэр болон ажилчдын цалин хөлс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдэж байгаад иргэд бухимдалтай байна.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгаагаар өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүний үнэ өмнөх сараас 3.5 хувиар өссөн ч өмнөх долоо хоногоос 0.6 хувиар багассан тул үнийн өсөлт буурах хандлага ажиглагдаж байна гэж мэдээлсэн.

Гэвч бодит байдал дээр гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, атар талхны үнэ өчигдөр гэхэд 2000-аас 2300 болж нэмэгджээ. Үүнийг тэтгэвэр, цалин нэмэгдэж буйтай холбон үзэж байна.

Тэгвэл өнөөдөр /2023.07.04/ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй холбогдуулан Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Н.Мандуул мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Мах гурилны зах зээлд өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон хэдий ч үр дүнгүй байна. Үүнд ямар нэгэн аж ахуйн нэгжүүдийг буруутгахаас илүүтэй төр нүдээ олсон бодлого шийдвэр гаргахгүй байна гэж үзэж байна. Мөн яамд болон нийслэл хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалт муу байгаагаас болж үнийн хөөрөгдлөөс сэргийлж чадсангүй. Иймээс үндсэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Гурилын үнэнд хийсэн шалгалтын үр дүнд буудайн үнэ 27 хувиар өссөн байхад гурилын эцсийн үнэ 50 гаруй хувиар өсчээ.

Иймээс үнэ үндэслэлгүй өсгөсөн байх магадлалтай. Манай байгуулллагын хувьд аливаа бараа үйлчилгээний үнэнд хяналт тавьдаггүй. Харин зүй ёсны үйл ажиллагаа хэрэгжиж байгаа эсэхт хяналт тавьдаг. Дээр дурдсанчлан гурилын үнэ өссөн тул бага зэргийн хугацааны хоцрогдолтойгоор талхны үнэ өсөж байна.