"ХААН Банк" хүлэмжийн хийг хэмжих санаачилга PCAF-д гишүүнээр элслээ

"ХААН Банк" хүлэмжийн хийг хэмжих санаачилга PCAF-д гишүүнээр элслээ

ХААН Банк Partnership for Carbon Accounting Financials (PCAF) буюу санхүүгийн салбарт хүлэмжийн хийг хэмжих хамтын ажиллагааны санаачилгад нэгдэж гишүүн байгууллагуудтай түнш хамтын ажиллагаа тогтоох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чухал алхмын эхлэлийг тавилаа.

ХААН Банк нь 2018 оноос Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг өөрсдийн бүх түвшний үйл ажиллагаатай уялдуулж, 2020 онд дотооддоо мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан хэрэгжүүлж эхэлсэн нь байгаль орчин, нийгэм, засаглалын эерэг тогтолцоог бий болгоод байна. Мөн 2022 онд банк брэндийн шинэчлэл хийхдээ “Тогтвортой хөгжилд манлайлагч байна” хэмээн үнэт зүйлсийнхээ нэгээр тодорхойлсон нь энэ чиглэлд манлайлан ажиллах амлалт болж байна.

PCAF нь дэлхийн банк санхүүгийн байгууллагуудыг нэгтгэж, тэдний зээл болон хөрөнгө оруулалтын багцын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, ил тод болгох зорилготой хамтын ажиллагааны санаачилга бөгөөд өдгөө 6 тивийн 400 гаруй банк санхүүгийн байгууллага гишүүнээр элсэн, үйл ажиллагаагаа улам бүр тэлсээр байна. PCAF-д нэгдэн орсон байгууллага нь санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэх, тайлагнах, стандарт аргачлал, хэрэгслүүдийг ашиглах боломжтойгоос гадна өөрсдийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалт хийхдээ уур амьсгалд үзүүлэх нөлөөг тодорхойлох, стратеги боловсруулах, шийдвэр гаргалтад анхаарах боломжийг бүрдүүлж буй юм.

2022 оны сүүлийн улирлын байдлаар ХААН Банк нь нийт 8 их наяд төгрөгийн зээлийн багцыг бүрдүүлээд байгаа нь банкны салбарын нийт зээлийн 36.4 хувийг эзэлж байна.

Энэ үзүүлэлтээрээ зээлийн багцын хүлэмжийн хийг тооцоолох, бууруулах арга хэмжээг авснаар салбартаа төдийгүй Монгол Улсын хувьд байгаль орчинд үзүүлэх эерэг өөрчлөлт бий болох гол чухал үзүүлэлт болж байна.  ХААН Банкны хувьд “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт” болон “Монголын тогтвортой санхүүгийн замын зураг”-т тодорхойлсон зорилтуудыг хангахад санхүүгийн зуучлал болон бүтээгдэхүүн үйлчилгээгээр оруулж болох хувь нэмрээ нэмэгдүүлэн олон ажлуудыг шат дараатай хийсээр байна.  Мөн түүнчлэн ХААН Банк олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас жендерийн болон ногоон санхүүжилтийн эх үүсвэр татаж, харилцагчдадаа бүх төрлийн ногоон зээл санал болгож буйгаас гадна Монгол Улсаас анх удаа олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр Ногоон бонд гаргаад байна.