Аж ахуйн нэгжийн төлөх зээлийн хэмжээг бууруулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх ХААДС-гийн албан тушаалтнуудын хэргийг прокурорт буцаажээ

Аж ахуйн нэгжийн төлөх зээлийн хэмжээг бууруулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх ХААДС-гийн албан тушаалтнуудын хэргийг прокурорт буцаажээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Энхмаа, санхүүгийн менежер С.Удвал, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Энхжаргал, жолооч Э.Үдэхбаяр нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцээд прокурорт буцаажээ. Харин ямар шалтгаанаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. 

Хэргийг эргэн сануулахад, ХААДС-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Энхмаа, санхүүгийн менежер С.Удвал, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Энхжаргал, жолооч Э.Үдэхбаяр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, “Баян талын буудай” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. Тус компанийнхан дээрх санд 559.1 сая гаруй төгрөгийн өр төлбөртэй байхад нэр дурдсан албан тушаалтнууд 419.5 саяыг нь хасаж тооцсон аж. БНХАУ-аас импортолсон, ХААДС-гаар дамжуулан зээлээр олгосон бага оврын тракторын өрийг 139.5 сая төгрөг болгож бичээд 2020 оны дөрөвдүгээр сард тооцоо нийлсэн акт хуурамчаар үйлдэн зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж дээрх албан тушаалтнуудыг буруутгаж буй юм.




Өнөөдөр хулгана өдөр

5 минутын өмнө