Доминик Бартон: Монгол Улс дэлхийн эрчим хүчний шилжилтэд бэлэн байх учиртай

Доминик Бартон: Монгол Улс дэлхийн эрчим хүчний шилжилтэд бэлэн байх учиртай

Манай улсад зохион байгуулж буй “Монголын Эдийн засгийн форум-2023” Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн үндсэн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тавьж хуралдааныг эхлүүллээ. Хүндэт зочны илтгэлийг “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон тавьсан юм. Тэрбээр үгийнхээ эхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод учраад буй үер усны гамшигтай тэмцэж буй монголчуудтай сэтгэл зүрхээр хамт байгаагаа илэрхийлж, Оюутолгой компаниас зарим туслалцааг үзүүлээд буйг дурдлаа.

“Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон илтгэлдээ, Монгол Улсын эдийн засаг өсөж, өнгөрсөн хугацаанд ДНБ хоёр дахин нэмэгдэх зэргээр өөдрөг үзүүлэлттэй байгааг дурдан, Монгол Улсын эдийн засагт бид хувь нэмрээ оруулан хөрөнгө оруулж, үүнийгээ улам нэмэгдүүлж буйдаа талархан бэлгэшээж байна гэв.

Дэлхийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна. Шинэ маягийн даяаршил явагдаж, гол төвлөрөл нь Ази тивд шилжиж байна. Энэ нөхцөлд Монгол Улсын хувьд давуу тал, асар их боломж гарч ирж буйг тэрбээр илтгэлдээ цохон дурдлаа. Жишээ нь, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сэргээгдэх болон газрын ховор элементүүдийг ашиглах, олон төрөл болох зэргээр эрчим хүчний шилжилт хүчтэй явагдаж байна. Үүнд эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс бэлэн байх учиртайг онцоллоо.

Эрдэс баялгийн ирээдүй ч бий, учир энэ бүх хүчин зүйл “Рио Тинто”-г Монголд хөтөлсөн юм гэдгийг хэлэв. Гол нь энд чадварлаг боловсон хүчин, ажиллах хүчин бэлэн, бидний хөгжлийн гол хүчин зүйл болж байгааг тэрбээр онцлоод, Лондон дахь төвд бид энэ хөдөлгөх хүчийг мэдэрч суудаг, үүндээ бахархалтай байдаг гэв. Тиймээс Оюутолгойн удахгүй дэлхийн зэсийн 4 дэх том уурхай болно гэдгийг мэдэгдэж, үүний төлөө бид юу хийх вэ гэдгээ өнөөдөр хамтран ярилцаж байна гэлээ.

“Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар сая миний өмнө илтгэл тавихдаа Монгол Улсын хөгжлийн ирээдүйн төлөвийг сайн тайлбарлаж мэдээллээ. Монгол Улс хөгжлийн бодлогоо “Алсын хараа-2050”-д тодорхойлж томъёолсон. Бид үүний хэрэгжилтэд бүрэн дүүрэн итгэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын хөгжлийн замын зураглалыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйдөө сэтгэл ханамжтай байгаа” гэдгээ “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон илтгэлдээ илэрхийлсэн юм.