ВИДЕО: Морь тайлбарлагч Б.Ганпүрэв, Ж.Бат-Эрдэнийн “Хөтөлдөг Халиун” хурдан морийг хоёр жилийн дараа давхилаар нь таньж олсон түүх

ВИДЕО: Морь тайлбарлагч Б.Ганпүрэв, Ж.Бат-Эрдэнийн “Хөтөлдөг Халиун” хурдан морийг хоёр жилийн дараа давхилаар нь таньж олсон түүх

Бахархалт түүх, гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл болох Монгол наадмаараа сайхан наадаж байна уу. www.isee.mn сайт наадмын энэ өдөрт уншигч, үзэгчдэдээ зориулан хүлэг, эзэн хоёрын тухай нэгэн сайхан дурдатгалыг хүргэж байна.

ВИДЕО: 

-Ж.БАТ-ЭРДЭНЭ, ХАЛИУН МОРЬ ХОЁРЫН ТАНИЛЦСАН ТҮҮХ-

2014 он.  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн алдарт Ч.Гантөмөр хуурай ах Ж.Бат-Эрдэнэтэй гишүүнтэй утсаар холбогдож, “Суманд хэд, хэдэн удаа түрүүлсэн хурдан, сайхан соёолон морь” байгаа талаар дуулган, хамт очиж үзэх саналыг тавьжээ. Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн оронд дүүгээ явуулж, Халиун морио галдаа авчруулсан байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн, Халиун морь хоёрын учирсан түүх энэ. Анх харахад Ч.Гантөмөрийн хэлсэнчлэн үнэхээр л хурдан морины шинжийг шингээсэн сайхан хүлэг байсан гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн дурдав.

-ХАЛИУН МОРИНЫ АМЖИЛТ БА АЛДСАН ТҮҮХ-

2016 он. Тэрээр соёолон насандаа Ж.Бат-Эрдэнэ гишүүнд ирсэн. Ирэхээсээ өмнө буюу шүдлэн, хязааландаа Мөнххаан сумынхаа наадамд түрүүлж, аман хүзүүдсэн амжилттай байжээ. Харин ирсэн жилээ бүх сунгаанд түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болсон “Хангайн бүс”-ийн уралдаанд  тасархай түрүүлсэн байна. Энэ амжилт нь “Улсын наадмаас амжилт амсана, сайхан хурдална” гэх хүлээлтийг хүлэг, эзэн хоёрт үүсгэжээ.

Гэтэл намар нь Халиун морио алдсан харамсалтай тулсан байна.  Халиун морины онцлог нь барианаас гараад л хөтөлж давхидагт байдаг аж. Тиймээс ч эзэн Ж.Бат-Эрдэнэ нь түүнд “Хөтөлдөг Халиун” гэж нэр хайрласан гэдэг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ярихдаа “ Тод манлай уяач Т.Ихбаяр уядаг байсан юм. Тэр жил тэднийх Төв аймгийн Авдрантын нутагт намаржиж байсан. Тэр намар хэдэн адуу алга болоод. Тэр дунд Халиун морь байсан. Бид ч “Сайн морь нутаг гүйдэг гэнэ лээ” хэмээн ярилцаад Сүхбаатар аймаг руу чиглэн эрэл, хайгуул хийсэн. Зам дагуу машин явуулж хайлгасан. Ямартай ч сураг хүлээгээд л байлаа. Сүүлдээ олдох шинжгүй болж “Маханд л явсан юм байлгүй” гэх муу бодолтой болсон. Сайн морио алдахад эр хүний сэтгэл хэцүү л болдог юм билээ” хэмээн санаа алдсан юм. 

Халиун морио алдсанаас хойш тэрбээр ихэд сэтгэлээр унаж, долоо хоног бүр адуугаа зорьдог байсан зуршлаасаа ч түр завсарлаж байсан гэдгийг гэргий Д.Отгонсүрэн нь хэлж байлаа.

-ХОЁР ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ-

2018 оны зургаадугаар сар. Морь тайлбарлагч Б.Ганпүрэв утсаар холбогдож “Баагий ахаа би таны морийг олчих шиг боллоо” гэж. Хоёр жилийн туршид битүүхэн хүлээж байсан морь нь олдсон тухай сураг Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг жигтэйхэн баярлуулж, “Хүүе, хаанаас олов. Юу болов” хэмээн уулга алдахад хүргэжээ.

Дурдвал, Төв аймгийн Баяндэлгэр сумын наадмын морины уралдааныг Б.Ганпүрэвээр тайлбарлуулахаар бичлэгийг жагсаалтын хамтаар өгсөн байна. Ингээд Б.Ганпүрэв тус бичлэгийг үзэхэд уралдсан морьдын дотор Халиун морь байж таарсан бөгөөд давхилаар нь таньж тэр даруйдаа Ж.Бат-Эрдэнэ гишүүнд мэдэгдсэн нь энэ аж. Ж.Бат-Эрдэнэ гишүүн сураг дуулж, Халиун морины байгаа айл руу дүүгээ явуулж  харуулахад яг л мөн байсан гэдэг. Хүлэг, эзэн хоёрын хэн, хэн нь хэмжээлшгүй ихээр баярлан уулзалдсан түүх энэ. Тухайн үед Халиун морь сүрэгтээ ирүүтээ ихэд санаа амарсан байдалтай байсан гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн дурсан ярьсан юм.  

Эндээс монгол хүний морь таних авьяас, билэг бол бишрэм, гайхам гэдгийг харж  болно. Үүнээс хойш таван жил өнгөрч, өдгөө “Хөтөлдөг Халиун”-ыг сэтэрлэн Булган аймгийн Сэлэнгэ суманд ижил сүрэгт нь байлгаж байна. Тэр энэ жил 15 настай бөгөөд одоо ч сүргийн манлай, адууны сор хэвээр...