Б.Сүмэнхуар: Монгол дээлээ өмсөөд орчин үеийн дуу дуулж яагаад болохгүй гэж бодсон. Дээл өмсөж тайзанд гарахдаа яг өөрийнхөөрөө байж чаддаг /ВИДЕО/

Б.Сүмэнхуар: Монгол дээлээ өмсөөд орчин үеийн дуу дуулж яагаад болохгүй гэж бодсон. Дээл өмсөж тайзанд гарахдаа яг өөрийнхөөрөө байж чаддаг /ВИДЕО/

Цовоо сэргэлэн цээл хоолой, өөрийн гэсэн өвөрмөц стиль буюу Үзэмчин нутгийн уламжлалт дээлээрээ гоёж тайзнаа дуулах ӨМӨЗО-ы дуучин Б.Сүмэнхуарыг өдгөө Монголчууд ч андахгүй танина биз ээ. Түүний “Дараа өртөө” хэмээх дуу Монголын өсвөл үеийнхэн, залуусын сонсох дуртай дуу болж, сошиалд тархаад буй. Иймд бид Үндэсний их баяр наадмын Social ID буландаа түүнийг онцлон ярилцлаа.

Тэрбээр багаасаа дуулах авьяастай нэгэн байсан бөгөөд хэдийгээр их сургуулиа өөр мэргэжлээр дүүргэсэн ч авьяас, сонирхлынхоо дагуу дуу бичиж хэд хэдэн уран бүтээл гаргаснаар Өвөр Монголдоо ч од болжээ. Түүний хэлж буйгаар аав, ээж нь угийн урлагийн авьяастай хүмүүс байсан нь энэхүү замыг сонгоход нөлөөлсөн аж. Мөн тэрбээр ардын, уртын дуу дуулаагүй ч гаднын дуучдыг дуурайж элдэв хувцсаар гоёж байснаас Монгол хүн Монгол дээлээ өмсөөд орчин үеийн дуу яагаад дуулж болохгүй гэж хэмээн үзэж хэдэнтээ тайзанд гарахдаа Үзэмчин болон олон янзын Монгол дээлээрээ гоёсон нь олон Монголчуудын сэтгэлд хүрсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу. Намайг Сүмэнхуар гэдэг. Та бүхэндээ баяр наадмын мэнд хүргэе. Та бүхэн сайхан баярлаж байна уу. Би Шилийнгол аймгийн зүүн үзэмчин хошуугаар нутагтай. Би үзэмчин нутагтаа төрж өссөн. Аав ээж маань малчин. Яг хөдөөгийн хүүхэд байна.

-Хэзээнээс дуулж эхлэв. Энэ авьяасаа яаж нээж байв?

-Би бүр жаахан байхаасаа дуулдаг дуунд  дуртай хүүхэд байсан. Арван жилдээ Найрал дууны мэргэжлээр суралцаж байсан. Манай аав, ээж хоёулаа дуу дуулж чадна. Морин хуур тоглож чадна. Ер нь тэд маань их урлагийн авьяастай хүмүүс байдаг. Тиймээс дуулахад минь бас их нөлөөлсөн байх.

-Монголд хит болоод буй “Дараа өртөө” дууны хувьд?

- “Дараа өртөө” гэдэг дууг  Монгол Улсад UBS телевизийн “Mongolian songs” гэдэг тэмцээнд зориулж бичигдсэн дуу. Миний анхны бүтээл биш.

-Дууныхаа үг, аяыг өөрөө бичдэг үү. Нэлээд хэдэн дуун дээр өөрөө бичсэн харагдсан.

-Би зарим дуун дээр өөрөө ажилладаг. Харин зарим дуун дээрээ хүмүүстэй хамтарч хэнийхэн ая, үг илүү гоё санагдаж байна түүнийхээ үг аяыг дуундаа оруулдаг.

-Бие даана уран бүтээл хийдэг гэж ойлгосон.

-Тиймээ. Ер нь ганцаараа уран бүтээл хийгээд дөрөв дахь жил болж байна.

-Өвөр Монголд мөн таныг шүтэн биширч буй дэмжигчид байдаг байх?

-Нутагтаа тодорхой хэмжээний шүтэн бишрэгчидтэй болсон байгаа. “Дараа өртөө” дууны хувьд бусад дуунаасаа арай илүү хандалт авч олонд хүрсэн юм болов уу гэж бодож байна.

-Нэг зүйлийг зайлшгүй асуумаар санагдсан. Хэд хэдэн удаа тайзан дээр Монгол дэлээрэй гоёсон байсан. Энэ нь ч хүмүүст хүрч бүгд л хайрлаж, сайхан үг уралдуулж байна.

-Миний бодсон бодол гэх юм уу даа. Ямар ч гоё плаж, банзал өмсөөд гадаад хүмүүс шиг гоё харагдахгүй. Хэзээ ч гүйцэхгүй. Тиймээс би яг өөрийнхөө хувцсыг өмсөөд уламжлалт дээлээ өмсөж өөрийнхөөрөө шинэ стилийн дууг нь дуулж үзвэл яах юм гэж бодсон. Тэгээд тайзан дээр дээлээ өмсөж гарсан. Энэ нь миний анх удаа дээл өмсөж тайзанд гарч байгаа тохиолдол биш. Гурав, дөрвөн жилийн өмнө бас тайзан дээр гарахдаа “Энгэр” гэж монгол эмэгтэйчүүдийг магтсан дуу байдаг. Тэр дуун дээрээ бас монгол үзэмчин дээлээрээ гоёж гарч байсан.

-Өөр хувцсаар гоёх тохиолдол байдаг уу. Зөвхөн дээл үү?

-Мэдээж бас заримдаа өөр хувцас засал бас өмсөнө. Гэхдээ яг дээлээ өмссөн үедээ л өөртөө итгэлтэй болдог.

-Таны дуу дууны бичлэгийн дор үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншиж үзсэн үү. Ямар санагдав?

-Би кириллээр арай удаан уншдаг болохоор бүгдийг нь бол уншиж чадаагүй. Ганц хоёр хүмүүсийн сэтгэгдлийг над руу скрейн шот хийгээд явуулдаг шүү дээ. “Ингэж бичсэн байдаг шүү” гээд тэрийг нь бол уншсан. Тэгээд ямар ч байсан монгол үзэгчдэдээ баярлалаа гэж хэлье. Улам их, сайхан дуунуудыг бүтээхээр хичээж явна.

-Монголоос ямар дуу, ямар дуучинд дуртай вэ?

-Миний хамгийн дуртай дуучин гэвэл Rocket bay, Жий, Ука, Сарантуяа, Ариунаа эгч тэдний дуунуудыг илүү их сонсдог. Дуунуудаас нь гэвэл онцгой таалагдсан ганц нэг дуу л сонсдог. Учир нь хүний дууг их сонсож хэт биширвэл өөрийн хэв маягаа алдчих юм шиг санагддаг.

-Бие даасан тоглолтоо хийж байсан уу?

-Бие даасан тоглолтын хувьд ганц удаа Шилийн хотод хийж байсан. Бусад тоглолтууд маань болохоор дандаа бусад дуучидтай хамтран тоглосон байдаг.

-Монголоос тоглолтын урилга ирж байна уу. Ирж тогтолтоо хийх бодол байгаа юу?

-Яг Монголд очиж ямар нэгэн фестивалиар явах, тоглолтод оролцох гээд тэр тухай ерөөсөө бодож байгаагүй юм байна. Одоо бас хүсэлтүүд ирж байна. “Өөрөө ирээд дуулахгүй юу” гээд. Тэгээд энд бас Өвөр Монголын зуны фестивалиуд олон байгаа учраас зун бол очих маань бараг худлаа байх. Ямар ч байсан зав зайгаа үзнэ. Очихыг бодно оо.