2020 оны Токиогийн Олимпийн наадамд Өмнөд Солонгостой хамтран нэг баг болж оролцоно гэж Хойд Солонгос найдаж байгаа талаар БНАСАУ-ын Спортын дэд сайд Хятадын телевизд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний өгүүлснээр ийнхүү нэгдэн спортын наадамд оролцоход Хойд Солонгос бэлэн байгаа бөгөөд нэгдмэл нэг баг болон оролцохыг Солонгосын ард түмэн ч хүсч байгаа гэнэ.
Энд дуулгахад, 2018 оны эцсээр Өмнөд болон Хойд Солонгос 2020 оны Токиогийн зуны олимпод нэгдсэн баг бүрдүүлэн оролцож, олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр хамтран алхах боломжийг хэлэлцэж байгаа талаарх мэдээлэл цацагдсан юм.
Харин энэ оны хоёрдугаар сард талууд эмэгтэй хоккей, эмэгтэй сагсан бөмбөг, жүдо, сэлэлтийн төрөлд хамтарсан баг байгуулахаар тохиролцсон байна.
Гэвч эмэгтэй хоккейн багийнхны хамтарсан бэлтгэл хийх тухай Өмнөд Солонгосын саналд Хойд Солонгос хариу өгөөгүй байна.
Энэ болон бусад асуудалтай холбоотойгоор БНАСАУ-тай дараагийн хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай гэж БНСУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдэж байсан ч Пхеньян мөн л хариу өгөөгүй юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн зууны тавиад оны “Солонгосын дайн”-ы дараагаас хоёр тусгаар улс болон солонгос ард түмэн 2018 онд анх удаа нэг туган дор нэгдэн олимпод оролцсон юм. Тодруулбал, 2015 оноос хойш БНСУ болон БНАСАУ-ын хооронд яриа хэлэлцээр хийсний дүнд хоёр Солонгосын тамирчид Пёнчаны өвлийн наадамд нэг тугийн дор нэгдэн жагсаж, эмэгтэй хоккейчдын хамтарсан багаа сойсон. Хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг болсон спортын энэхүү наадамд элэг нэгтэй ч олон жил дайсагнасан хоёр орон ийнхүү нэгдэн оролцсон нь Солонгосын хойгийн асуудал, тэр дундаа хоёр Солонгос эргэн нэгдэх боломжтой гэсэн найдлагийг дэлхий дахинд төрүүлж байлаа.