ФОТО: 26 жилийн газрын тосны дээжээр мялааж, 100 мянган ам.долларт үнэлж байсан Монгол дээлээрээ П.Очирбат гуай гангарчээ

ФОТО: 26 жилийн газрын тосны дээжээр мялааж, 100 мянган ам.долларт үнэлж байсан Монгол дээлээрээ П.Очирбат гуай гангарчээ

Одоогоос 26 жилийн өмнө буюу 1997 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавьж, тухайн орд газраас түүхий нефт ундархад Ерөнхийлөгч асан П.Очирбат өөрийн өмсөж явсан цайтар өнгийн дээлээ мялааж байсан түүхэн үйл явдал болж байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоног /2023.07.11/-т болж өндөрлөсөн Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч асан П.Очирбат 26 жилийн өмнө түүхий нефтээр мялааж, энгэрийг нь газрын тос болгож байсан цайвар өнгийн монгол дээлээ өмсөж, ёслолын ажиллагаанд оролцсон байна. Түүний энэ жилийн баяр наадмаар өмссөн монгол дээлний энгэр болон хормойн баруун доод буланд тосны бололтой толбо үлдсэн нь тод харагдах ажээ. 

Ерөнхийлөгч асан П.Очирбат. 2023.07.11-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд

Сонирхуулахад, энэ талаар П.Очирбат гуай “Ардчилал таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “1994 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавихад та нар үүнийг өрөмдөөд нефть олгойдох юм бол гоёлын дээлээ үүгээр чинь мялаана гэж хэлсэн. Тэр яагаад тэгдэг юм гэхээр нефтийнхэнд өөрсдийн өвөрмөц баяр байдаг. Нефть олгойдвол хайгуулахынхан цөмөөрөө шүршүүлдэг. Усан онгоцныхон бол усан онгоцоо бүтээж байгаад шампанскийг олсонд уяж буудуулдаг. Би тэдэнд нефть олгойдвол Монголын ард түмэн наадахаар чинь гоёлын дээлээ шүршүүлнэ гэсэн.

Тэгээд гурван жилийн дараа 1997 онд оргилоод эхлэхээр нь оргилсон нефтиэр ард түмнээ төлөөлж дээлийнхээ энгэрийг мялаасан юм.

Тэр дээлээ хадгалж байгаа. Нефть чинь бүдгэрээд байдаг юм байна лээ. Гарын таван хурууны ором байгаа. Би тэр дээлээ 100 мянган ам.долларын үнээр үнэлсэн. Яагаад гэвэл “Сок интернешнл” ХХК-ийн захирал Роберт Стори гэж залуу байдаг юм. Тэр Монголд нефтийн хайгуул хийгээд, орлого олоод өөрийн үйл ажиллагааг харуулсан музей байгуулна гэж байсан юм. Тэр музейд нь энэ дээлээ чамд 100 мянган ам.доллароор өгнө гэж хэлж байсан. Тэр 100 мянган ам.доллароор зээ охиноо Америкид сургуульд явуулах төлбөрийг нь хийнэ гэж хэлсэн. Ийм л зүйл болж би дээлээ тэгж үнэ хүргэсэн байдаг” хэмээн ярилцлага өгч байсан юм.

Ерөнхийлөгч асан П.Очирбат. 2023.07.11-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд