ВИДЕО: Зогсоол нэмж замын бөглөрлийг шийдэх ёстой ч, Драмын театрын авто зогсоолын оронд жилдээ хоёрхон удаа ашиглах цэцгийн мандал хийж байна

ВИДЕО: Зогсоол нэмж замын бөглөрлийг шийдэх ёстой ч, Драмын театрын авто зогсоолын оронд жилдээ хоёрхон удаа ашиглах цэцгийн мандал хийж байна

Улаанбаатар хотод жилийн дөрвөн улирал яригддаг мөнхийн нэгэн сэдэв бол түгжрэл юм. Жилийн жилд өчнөөн санал санаачилга дэвшүүлж, олон зуун тэрбум төгрөг төсөвлөдөг хэдий ч ямар ч үр ашиг, өгөөжгүй байдгийг хүн бүр хэлнэ.

Түгжрэлийг бууруулах оновчтой шийдлүүдийн нэг нь автомашины зогсоолыг олноор бий болгох гэдгийг зам тээврийн мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч хотын төв цэгээр төвлөрсөн зогсоол огт байхгүйгээс түгжрэл, бөглөрөл нэмэгддэг. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаараа нийслэлийн төв цэгт орших автомашины зогсоол болгох боломж бүхий талбайг онцлоллоо.

ВИДЕО:

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил хийгдэж 2020 оны зургаадугаар сард нээлтээ хийсэн юм. Тухайн үед иргэдийн зүгээс зуны гуравхан сар хүрэхгүй хугацаанд ажиллах усан оргилуур барихад 3.2 тэрбум төгрөг зарцуулсныг шүүмжилж, засмал зам, ногоон байгууламж, автомашины зогсоол гэх мэт бүтээн байгуулалт хийсэн бол илүү оновчтой, үр өгөөжтэй, хүртээмжтэй байх байлаа хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан. Жил бүр хэрүүл тэмцэл дагуулдаг талбайн усан оргилуур ямартай ч зуны хоёр сардаа ажилладаг ч бусад үед нь иргэд зогсоол хайн бөглөрсөөр байна.

Үүний адил нэгэн жишээ бол Улсын драмын эрдмийн театрын урд талын автомашины зогсоолыг татан буулгаж цэцгийн мандлыг барьж байгуулсан явдал юм. Тус шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сарын 25 /2023.05.25/-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан.

Улмаар зогсоол байсан газарт 900 сая төгрөгийн өртөг бүхий цэцгийн мандал, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж, уг бүтээн байгуулалтыг зогсоож, нураасан байдаг. Энэ талаар албаныхан ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл уг газар дахин бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Бид ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар холбогдох ажилтнуудаас тодруулахад "мэдээлэл өгөх боломжгүй, мэдээлэл өгөхгүй" гэсэн тайлбарыг өгсөн. Ямартай ч автомашины зогсоол биш гэдгийг хэлсэн юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, "Төлбөртэй, төлбөргүй нь хамаагүй театрынхаа өмнө автомашины зогсоол ажиллуулж, байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой" гэж байсан юм. Тус газар нь нийслэлийн өмч бөгөөд театрынхны оролцоогүйгээр НЗДТГ-аар зохион байгуулж уг ажлыг хийжээ. Цэцгийн мандал хийсэн шиг зураг төслөө танилцуулж, сүр дуулиан бололгүй юу хийж байгаагаа нууцалж, иргэдийн хэл ам шүүмжлэлээс холхон, чимээгүйхэн хийж байгаа бололтой.

Гэвч драмын театрын гадна талбайд үзвэр үйлчилгээ үзэхээр ирсэн иргэдийн байтугай жүжигчдийн ч машин багтахгүй шахам давчуу, зай талбай багатай гэдгийг хүн бүр мэднэ бас хэлнэ. Жил бүр түгжрэлийн эсрэг ямар нэгэн ажил, бүтээн байгуулалт хийнэ гэж ихээхэн мөнгө зарлагаддаг. Өнгөрсөн он гэхэд энэ ажилд 420 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, төрийн байгууллагуудын ажилчдыг нэг өдөр цахимаар ажиллуулах, сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх, автомашины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх, татвар нэмэх гэх мэтчилэн маш олон шийдвэр, шийдлүүдийг танилцуулдаг. Гэвч эдгээр ажлуудын ганц нь ч түгжрэдийн эсрэг дорвитой алхам болж чаддаггүй.

Тэгвэл Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг, "Авто машины зогсоолын асуудлыг шийдвэрлэснээр түгжрэлд эерэг нөлөө авчирна. Нийслэлийн хэмжээнд 150 орчим байрлалд 12 мянга орчим машины зогсоол байдаг ч энэ нь огт хангалтгүй" гэж хэлж байсан. Гэвч Томоохон аж ахуйн нэгжүүдийн төв цэг болсон Д.Сүхбаатарын талбайн урд талын 1.6 га талбай, Драмын теамтрын урд талын талбай зэрэг газруудад барьсан усан оргилуур, цэцгийн мандал зэрэг нь түгжрэлийг бууруулах бус нэмэгдүүлж байгааг онцлон өгүүлье.