ВИДЕО: Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нарын авчирсан 224 автобусны 50 нь "шугамгүй"-н улмаас “III бааз”-ын хашаанд цоо шинээрээ шороонд дарагдан зогсож байна

ВИДЕО: Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нарын авчирсан 224 автобусны 50 нь "шугамгүй"-н улмаас “III бааз”-ын хашаанд цоо шинээрээ шороонд дарагдан зогсож байна

Монгол Улсын сайд бөгөөд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын багцад орсон Нийтийн тээврийн парк шинэчлэлд нийт 318 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2023 онд их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 272 тэрбум төгрөг батлаад байгаа.

Улмаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийт 224 автобус шинэчлэн оруулж төрийн өмчит автобус баазуудад хуваарилсан. Гэвч өнөөдрийн байдлаар шугамын асуудлаас үүдээж эдгээр автобуснуудын 50 гаруй нь нийтийн тээвэрт явалгүй шинээрээ хадгалагдаж байна. Учир нь манай улсын нийтийн тээврийн дийлэнх хувийн хувийн компаниуд гүйцэтгэдэг. Улмаар Нийтийн тээврийн газартай гэрээлсний дагуу хувийн компаниуд шугам сүлжээгээ ашиглаж нийт тээврийн 25 орчим хувийг бүрдүүлж буй төрийн өмчит автобазуудын шинээр нэмэгдэж буй автобуснууд шугамын асуудлаас үүдэж гацах нөхцөл бүрдээд байна.

ВИДЕО: 

Иймд Нийтийн тээврийн газар уг асуудалд зохицуулалт хийж шинэчлэлтээр орж ирж буй автобуснуудаа шугамд гаргахгүй бол дахин улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгөөр оруулж ирэх 586 автобус шугамын асуудлаас үүдэж шинээрээ хадгалагдаж болзошгүй байна.

Энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэл 3 дугаар баазын Техник, технологи хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад, Манай бааз 2023 оны нэгдүгээр сараас эхлээд нийт 112 автобус хүлээн авсан. Үүнээс хоёр автобусыг наадмаар Багануур дүүрэгт хүлээлгэн өгсөн. Одоо 110 автобус байгаа. 110 автобуснаас манай бусад автобустай нийлээд өдөрт 105 автобус гарч ажиллаж байна. Яг улаан автобус гэвэл нийт 60 орчим тээврийн хэрэгсэл шугамд гарч ажиллаж байна. Эндээс мөн 50 гаруй автобус зогсож байгаа. Одоогоор зуны хуваарьт шилжээд тодорхой хэмжээгээр гаралт буурсан байна. Бид ерөнхийдөө цаашид 130-140 автобус гаргаж ажиллана гэсэн тооцооллоор бэлтгэл ажлаа хийгээд явж байгаа. Ирэх наймдугаар сарын 15-нас эхлээд үйлчилгээнд нэмээд гарах байх гэж бодож байна. Манайх жилдээ хэдэн цагаан ажиллах гэрээгээ хийгээд ажилдаг. Хувийн компаниуд бас гэрээгээ хийж түүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа. Тиймээс хувийн компаниуд гэрээ байгуулсан шугамдаа явна. Манайх мөн гэрээ байгуулсан шугамдаа л явна. Бид Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээ, гүйцэтгэх ёстой цагийнхаа дагуу гаралтаа гаргаж ажиллана гэсэн үг.

Яг одоогоор шинээр ирээд гараагүй байгаа хэдэн автобус байгаа вэ. Манайд 50 орчим автобус байгаа. Ер нь бид одоогоор нийт 110 автобус дээр ярьж байна. Эдгээр автобуснуудаар үйл ажиллагаагаа явуулахад өдөрт 85-90 автобус гаргана. 20 автобус өдөрт бэлтгэлээр зогсож байх ёстой. Энэ бол ямар ч тохиолдолд байна. Шинэ байсан зогсоно. Энэ нь ямар нэг байдлаар автобуснуудад эвдрэл үүсэх, цахилгааны масс үүсэх байдлаас сэргийлж шугам зам тээврийн хэрэгсэл саатах юм бол тэрэнд гаргах зорилгоор 20 автобус зогсоолдоо байж л таарах байх” гэсэн юм.

Мөн бид зорчигч тээврийн нэгтгэл 1 болон 3 дугаар баазын ажилчидтай ярилцах үеэр  “Автобус шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Арав гаруй жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эхнээсээ гишгэхэд шал нь цөмрөх жишээний маш муу байна. Тиймээс шинээр автобус орж ирж буйд баярлаж байна. Гэхдээ хувийн компаниуд мэдээж байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж шугамаа бидэнд тавьж өгнө гэж байхгүй.  Тиймээс эхний ээлжид орж ирсэн улаан автобусны 50 гаруй нь огт гараагүй. Орж ирсэн гаалийн бичигтэйгээ зогсож байна. Одоо дахин 500 гаруй автобус ирнэ. Тиймээс уг асуудалд Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийгээд явах байх “ гэж байв.

Харин Нийтийн тээврийн газрын хэвлэлийн ажилтнаас хэдэн автобус орж ирээд байгаа. Хэд нь шугамд гарч буй эсэхийг утсаар лавлахад, “224 автобус ирсэн. Одоогоор зуны хуваарь, наадам зэргээс хамаарч ээлж нь багсаж гарч байгаа ч бүгд замын хөдөлгөөнд оролцож байгаа" гэв. 

Гэвч энэ оны нэгдүгээр сараас буюу дүн өвлийн эд ачааллын үеэр орж ирсэн 224 автобусны 50 гаруй нь нэг ч удаа шугамд гараагүй. Орж ирсэн гаалийн бичиг дугаартайгаа Зорчигч тээврийн нэгтгэл 3 дугаар баазын ойролцоох буюу ханын материалын нэгэн хашаанд хадгалагдаж байна.

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд сүүлийн хоёр жил дараалан 400 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж буй. Тухайлбал, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нэн чухал нөлөө үзүүлэх гол гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх, олон салаа зам, замын байгууламжийг холбох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187,0 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр болж, 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан. Мөн Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 318 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан.

Энэхүү ажлууд болон автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлөх зэрэг нь Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын түгжрэл бууруулах багцад багтаж буй.Уг төслүүдийг УИХ-д танилцуулах үеэр зарим гишүүд санал бодлоо хэлж, Нийтийн тээвэр түгжрэлийг шийдэхгүй гэдгийг сануулж байсан. Энэ талаарх гишүүдийн санал хүсэлтийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Мөн судлаачид хотын түгжрэлийг бууруулахын тулд зам өргөтгөх биш маш их авто зогсоол барих хэрэгтэй гэж зөвлөдөг.

Харин Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар “Нийтийн тээврийн парк шинэчлэл тулгамдаж байгаа асуудал” хэмээн түгжрэлийн багцдаа тусгасан байдаг. Гэвч тэрээр улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгөөр автобус оруулж ирэхдээ шугамын асуудлаа ч шийдээгүй байжээ.

Хамгийн чухал нь иргэдэд үйлчилж буй нийтийн тээврийн автобуснууд шинэ байхаас гадна үйлчилгээний соёл нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж байж иргэд хувийн авто машинаараа биш нийтийн тээврээр үйлчлүүлэх хүсэлтэй болно. Гэвч шинээр орж ирсэн автобуснуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэн байрлах хэсэгт хогийн сав хадах, жолооч нарын харилцаа, зун, намар, хаврын халуунд автобусны хүрэлцээ муу байгаагаас шахдалцах, бэлэн мөнгөөр тооцоо хийх гэхчлэн нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлд өөрчлөлт ороогүй хэвээр байгаа юм. Иймд автобусаа шинэчлэлээ гээд зорчигч нэмэгдэж түгжрэл багсахгүй тул үйлчилгээний соёлоо ч мөн яаралтай шинэчлэн засварлах шаардлага үүсээд байна.