Ц.Баярсайхан: Цаашид бөхөө ч барилдаж, хажуугаар нь дуугаараа уран бүтээл гаргахыг зорьж байгаа /ВИДЕО/

Ц.Баярсайхан: Цаашид бөхөө ч барилдаж, хажуугаар нь дуугаараа уран бүтээл гаргахыг зорьж байгаа /ВИДЕО/

Үндэсний бөх, чөлөөтөөр хичээллэдэг бадируун биетэй спортлог нэгэн гитар тоглоод уянгалаг хоолойгоор дуулж суухыг тэр бүр харахгүй биз. Ингэхдээ зүгээр ч дуулах биш бүр сайхан дуулж олны анхаарлыг татаад буй нэгэн эрхмийг бид энэ удаагийн Social ID буландаа онцоллоо. Тэр бол Чөлөөт бөхийн Спортын мастер, Увс аймгийн Тэс сумын заан Ц.Баярсайхан. Спорт, урлаг хоёр эсрэг туйл хэдий ч түүний хувьд аль аль талийн авьяастай тул хослуулан явахаар шийдсэн аж.

Мөн тэрбээр 19 насандаа Монгол Улсын улсын цолтой бөх хамгийн олонтойд нэрлэгддэг Увс аймгийн Тэс суманд Заан цол хүртэж Үндэсний бөхийн гараагаа эхлүүлжээ. Харин одоогоор Улсын аварга П.Бүрэнтөгсийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийж байна. Улсын наадамд оролцож Арслан цолонд хүрнэ гэсэн зорилгодоо хүрэхээр хичээхийн сацуу өөрийн гэсэн уран бүтээлтэй болж буйгаа онцолсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ц.Баярсайхан гэдэг. Одоо 22 настай. Чөлөөт бөх болон үндэсний бөхөөр явж байгаа залуу байна.

-Өмнө нь бас ковер дуулж, сошиалд өндөр хандалт авч байсан санагдаж байна. Таны хувьд бие даасан уран бүтээл гаргах бодол байгаа юу?

-Өмнө нь ковер дуулаад явдаг байсан бол одоо өөрийнхөө уран бүтээлд орчихсон явж байгаа. Одоо бөхийнхөө хажуугаар чөлөөт уран бүтээлээ хийгээд, дуу дуулаад явна гэж бодож байна.

-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэв. Хэдэн настайдаа Сумын заан болж болсон бэ?

-Би 19 настайдаа Увс аймгийн Тэс суманд сумын заан болж байсан. Тэс сум аягүй их улсын цолтой бөхтэй гэж тэргүүлдэг. Тийм газар сумын заан болсондоо, үндэсний бөхийнхөө гарааг тэндээс эхэлсэндээ маш их бэлгэшээж, баярлаж явдаг.

-Нас залуу эд хүчээ авч буй бөхийн хувьд цаашдын зорилго?

-Мэдээж төрийн наадамд түрүүлж Монгол Улсын арслан цолонд хүрнэ гэсэн зорилготой бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна даа

-Хаана бэлтгэл сургуулилтаа хийж байгаа вэ?

-Би МУ-ын аварга П.Бүрэнтөгс гэдэг хүний хамт удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. 2014 оноос хойш би чинь чөлөөт бөхөөр хичээллээд тэр цаг хугацааг бөхөд зориулчихсан юм чинь би эцсийн үзэх хэрэгтэй гэж бодож байгаа учраас бөхийг орхихгүй. Спорт чинь залуу насны юм. Харин дууг бол хэзээ ч дуулах боломжтой. Тиймээс миний нэгт тавьж байгаа юм бол спорт.

-Бөх барилдаж байгаад гэнэт дуулдаг авьяасаа ил гаргах үед гэх юм уу. Хүмүүс яаж хүлээж авсан бэ. Тухайлбал хамаатан садан гэхчлэн?

-Эвгүй л байсан. Урлаг, спорт хоёр чинь тэс өөр юм байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт эхлээд “за бэлтгэл сайн уу” гэж манай ах дүү нар, эргэн тойрны хүрээллийн хүмүүс асуудаг байсан бол сүүлдээ “за уран бүтээл сайн уу” гэдэг болчихсон байсан. Энэ мэтчилэн хөгжилтэй л байдаг юм. Бас бүгд л дэмждэг дээ.

-Бөхийн бэлтгэл мэдээж хатуу чанга, цаг хугацаа ч их ордог шүү дээ. Үүний хажуугаар уран бүтээл гаргах гэж буй хүнд мөн бэлтгэл ажил нэлээд бий байх. Бэлтгэлүүдээ яаж зохицуулж байна.

-Миний хувьд энэ хоёрын маань бэлтгэл ажил хоорондоо гоё таардаг. Бэлтгэл сургуулилтаа хийчхээд миний чөлөөт цагаа яг дуунд зориулдаг. Ер нь би стресстээ байсан ч дуулчихдаг. Гитараа тоглоод л дуулчихдаг. Тэгээд энэ хоёроо зохицуулахад надад нээх тийм хэцүү байдаггүй.

-Шинэ залуу бөх хүний хувьд бөхчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хичээл зүтгэл, үнэлгээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Манай бөхийн спортыг харлуулж байгаа аягүй олон олон зүйлүүд байгаа шүү дээ. “Нээх начин болоод өчнөөн юм аваад байх юм эд нар, нийгэмд ер нь юу хийсэн гэж бөхчүүдийг аягүй их тэгдэг юм” гэх мэт. Миний үлгэр дуурайлал авч байгаа хүнийг харах юм бол Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс гэдэг хүн чинь аварга цолонд хүрчихсэн, “Бүрэн Монгол” гээд төсөл эхлүүлчихсэн. Тэр төсөл нь 21 аймагт амьжиргааны түвшин доогуур залуу гэр бүлүүдийг бүх зүйлээр нь хангаад орон гэртэй болгоод хангаад явж байгаа. Тэгэхээр нийгэмд нөлөө бүхий олон зүйлүүдийг бөхчүүд хийдэг юм шүү гэж хэлмээр байна. Бүтэн жилийн хөдөлмөрийг ганц хоёр өдөр л үнэлүүлдэг шүү дээ. Яг ядраад эхлэхээр бөхөө болъё гэдэг ч юм уу ийм сэтгэгдлүүд залуучуудаас их гардаг. Яагаад гэвэл бөхийн спорт хэр баргийн хүн хичээллээд даван туулаад амжилтад хүрээд явахад хэцүү маш хэцүү спорт тийм ээ.

Дээрээс нь эртний өв уламжлалыг тээгээд явж байгаа тээгч нар шүү дээ

-Харин одоо үзэгчдэдээ хандаж хэлэх байна уу?

Намайг дэмждэг сонсогч та бүхэндээ зориулаад маш гоё дууг чадан ядан гаргах гэж байгаа шүү. Намайг дэмждэг, урмын үгээр үргэлж цэнэглэж байдаг хүмүүстээ маш их баярлалаа.