ШУУРХАЙ: Т.Бадамжунайг шалгаж буй хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: Т.Бадамжунайг шалгаж буй хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татжээ

Филиппинээс "Шувуу" ажиллагаагаар баривчилж авчирсан, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. 

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн түүнийг буруутгаж буй билээ. Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татаад байгаа аж. 

Учир нь Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд түүнийг ямар замаар хэрхэн авсан талаараа тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тэдгээр барилгыг битүүмжлэн улсад хураах санал хууль сахиулагчид гаргасан аж. 

Түүнчлэн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгснийг нотлох баримт хууль сахиулагчдын гарт орсон аж. Эдгээр баримтад тулгуурлан Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан гэж эх сурвалжууд мэдээлж буй.  Энэ талаар АТГ-ын эх сурвалж, “Яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн. АТГ-ын мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж өгсөн байгаа” гэжээ.