Хэнтий аймгийн баяр наадамд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ-ын Элчин сайд нар уригдан оролцож байгаа ажээ

Хэнтий аймгийн баяр наадамд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ-ын Элчин сайд нар уригдан оролцож байгаа ажээ

Хан Хэнтий уулын  аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.07.27/ Хэнтий аймгийн Чингис хотноо болж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд  өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм гэлээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны эзэнт гүрний баатарлаг түүх, эрх ямбандаа ташуурч, төрт ёсны эрх ашгийг хувийн шуналаар сольж, өвөр зуураа талцан тэмцэлдсээр тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх болон Ардын хувьсгалын он жилүүдийн сорилт, амжилтаас иш татаад “Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ  агуулгаар хийгдсэн” гэсэн юм.

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлснээр 2016 онд аймгийн ДНБ 332 тэрбум төгрөг байсан бол 2022 оны байдлаар 703 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байна. Харин 2016 онд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 15-д эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд долдугаарт эрэмбэлэгджээ. Хэнтийн аймгийн 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг улс орны Элчин сайд нар болон хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа ажээ.