"Марс" гарагтай төстэй агаар, хөрстэй Монголын говьд сансар судлалын чиглэлээр АНУ-тай хамтрах боломжийн талаар ЕС Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр ярина

"Марс" гарагтай төстэй агаар, хөрстэй Монголын говьд сансар судлалын чиглэлээр АНУ-тай хамтрах боломжийн талаар ЕС Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр ярина

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар АНУ-д 2023 оны 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд айлчлал хийнэ” гэж хоёр тал өчигдөр /2023.07.28/ албан ёсоор мэдэгдлээ.

Үндсэндээ, хоёр тал албан ёсоор зарлаж байна гэдэг бол айлчлалын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэсэн үг. Манай улс АНУ-тай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд жилийн дараа Улаанбаатар хотод Америкийн ЭСЯ, дахиад нэг жилийн дараа Вашингтонд Монголын ЭСЯ нээгдэж байжээ. Өдгөө хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 36 жил болж байна. 

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар 2023.08.02-06 өдрүүдэд тус улсад айлчилна” гэж албан ёсоор зарлав.

-МОНГОЛ УЛСААС АНУ-Д ХИЙЖ БУЙ 10 ДАХЬ АЙЛЧЛАЛЫГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХИЙХ БА ШУУД НИСЛЭГ, АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ БЭЛТГЭХ ЗЭРЭГ ТАВАН ЧИГЛЭЛД ҮР ДҮН ГАРГАЖ МАГАДГҮЙ-

Харилцан айлчлалын тухайд манайхаас 1990 онд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 1991 онд Ерөнхийлөгч Д.Очирбат, 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх тус айлчлал нь манайхаас тус улсад хийж буй 10 дахь айлчлал бөгөөд Ерөнхий сайдын хийж буй гурав дахь айлчлал ажээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалын үеэр таван чиглэлээр санал солилцож, тодорхой үр дүн гаргах бололтой.

Тухайлбал,

  1. Нэгдүгээрт, хоёр улсын сансрын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар ярилцах ажээ.
  2. Хоёрдугаарт, Монгол, Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх талаар ярих юм байна. Шууд нислэгийн талаар 2021 оноос ярьж эхэлсэн. Үүний тулд хоёр улс эхлээд нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийх ёстой. Гэхдээ энэ гэрээг хийх, хоёр орны хооронд хүн, ачаа тээвэрлэхийн тулд олон стандарт, шаардлагуудыг хангах ёстой юм байна.
  3. Гуравдугаарт, Англи хэлний багш нарыг бэлтгэхэд хамтран ажиллах санал тавихаар зэхэж байгаа аж. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан. Үүний гол өөрчлөлт нь сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл гэж хуульчилсан явдал юм. Иймд англи хэлний багш нарыг бэлтгэх, сургах нь чухал ажил болоод байгаа.
  4. Дөрөвдүгээрт, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Америкаас бодлогын хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох аж.
  5. Тавдугаарт, Сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал тавихаар яригдаж байгаа ажээ.

-МАРС ГАРАГТАЙ ТӨСТЭЙ МОНГОЛЫН ГОВЬД САНСАРТ НИСЭХ БАГИЙГ БЭЛТГЭХ СУРГУУЛИЛТЫН БААЗ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ЯРЬЖ МАГАДГҮЙ-

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийх айлчлалынхаа үеэр “хоёр улсын сансрын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар ярилцана” гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, Монголын говьд “Марс” төсөл буюу аялал жуулчлалын шинэ брэнд бий болгох асуудлыг С.Эрдэнэболд тэргүүтэй залуучууд олон жилийн өмнөөс ярих болсон. Учир нь “Марс” гаргийн үзэгдэх орчин, үржил шимгүй улаан хөрс, агаарын нягтаршил зэрэг нь Монголын говьтой тун төстэй гэж буй. Тухайлбал, Марс гаргийн жилийн дундаж хэм нь -63 градус хүйтэн. Харин Монголын говь дэлхий дээр байгаа долоон цөл дотроос хамгийн хүйтэн буюу -42 градус хүрч хүйтэрдэг.

Иймд Монголын говьд Марс гарагт газардах багийн сургуулилтын баазыг байгуулж, бэлтгэл сургуулилтын гол бүс болгох нь шинжлэх ухааны хувьд бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Ингэснээр аялал жуулчлалын шинэ брэнд ч бий болох юм.

Монголын говь

Сонирхуулахад, Марс, Дэлхий хоёр 15 жил тутамд нэг л удаа хамгийн их ойртдог буюу хоорондын зай 54 сая км болдог гэдэг. Иймд хүн бүр тус гараг руу аялах боломжгүй. Харин 2014 онд “Mars one” гэх олон улсын төслөөр Марс руу явах сонирхолтой хүмүүсийг судлахад 220 гаруй мянган хүн бүртгүүлж байсан гэдэг. Иймд Монголын говьд “Марс” төслийг хэрэгжлүүлснээр олон сая жуулчин монголыг зорино гэж төсөөлж байгаа юм.  Харин үүнийг хэрэгжүүлэх талаар ярилцахын тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлохоор төлөвлөсөн бололтой.

"Mars V" төсөл. Гэрэл зургийг mongolianeconomy.mn сайтаас ашиглав