ШУУРХАЙ: Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан 64 настай Сингапурын иргэнд 1.3 жилийн хорих ял оноожээ

ШУУРХАЙ: Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан 64 настай Сингапурын иргэнд 1.3 жилийн хорих ял оноожээ

Монгол эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулж, улмаар хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг хийж айлган сүрдүүлж, гадаад улсад худалдаалдаг байж болзошгүй гэгдэж байсан 64 настай Сингапур улсын иргэнд холбогдох хэргийг шүүх хурал болж, түүнд хорих ял оноожээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долдугаар сарын 19-ны өдөр Бүгд найрамдах Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэгчид холбогдох хэргийг шүүх хурал болсон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил гурван сарын хугацаатай хорих ял оноожээ. Уг хэрэг нь хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хурал хаалттай явагдсан аж. 

Угтаа Сингапур улсын иргэн 64 настай Loh Sien Chi гэгчийг анх Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ны өдөр /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг. Энэ талаар  Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр "64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сингапур Улсын иргэн нь дээрх охид эмэгтэйчүүдийг Монгол Улсаас нэг сарын хугацаатай визгүй зорчдог орнууд болох Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч эмэгтэйчүүд нь 1993-1984 оны эмэгтэйчүүд байгаа " гэдгийг мэдээлж байв. 

Тэгвэл эцэстээ тухайн Сингапур улсын иргэн нь хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг үйлдсэн болж, 1.3 жилийн хорих ял сонсжээ.