"Google компани Монголын 10 мянган багшийг цахим ур чадварт сургах хөтөлбөрийг эхлүүлнэ" гэж мэдэгдлээ

"Google компани Монголын 10 мянган багшийг цахим ур чадварт сургах хөтөлбөрийг эхлүүлнэ" гэж мэдэгдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал өнөөдөр /2023.08.04/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр Google компанид зочилсон юм. Түүнийг Засгийн газартай харилцах харилцаа, олон нийтийн бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч Маркус Жэдотте, Ази Номхон далайн бүс нутаг дахь Олон улсын Засгийн газартай харилцах харилцаа хариуцсан менежер Присила Бэк, Ази номхон Далайн бүс нутаг дахь “Google For Education”  хариуцсан захирал Колин Марсон нарын төлөөлөгч зэрэг албан тушаалтнууд угтан авч, бараалхав.

Энэ үеэр ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Тэмүүлэн “Манай Улсад Google компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нэвтэрсэн ч Монголын зах зээлд зориулж, өргөжүүлсэн гэвэл одоогоор байхгүй. Бид ютүб контент болон бусад үйлчилгээг АНУ-ын дата баазаас татаж үздэг байсан. Харин өнөөдрийн энэхүү айлчлал, уулзалтын гол зорилго нь манай улсад зориулан өргөжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь зах, зээлд нэвтрүүлэх юм.

Эхний ээлжид тус компаниас Монголын ЕБС-ийн 10 мянган багшийг цахим ур чадварт сургах хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Тодруулбал, “Google For Education” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган багш Google-ийн цахим ур чадварын хөтөлбөрөөр суралцах юм. Тэд үргэлжлүүлээд бусад 27 мянган багш нартаа сурсан, мэдсэнээ заах, тэр хугацаанд Google-ийн талаас цалинд зориулсан нэмэлт санхүүжилтийг олгож буйгаар ач холбогдолтой.

Багш нарын туршилтын сургалтыг Монгол Улсын Tech for Mongolia ТББ болон Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний дараа 10 мянган багшийн сургалтыг хэрхэн хурдтай болон хүртээмжтэй зохион байгуулах вэ гэдгийг ярьж байна. Хоёр жилийн хугацаанд зорилтот түвшинд хүрнэ гэсэн төлөвлөгөө бий.

Үүний дараа Монголын залуус, боловсон хүчинд зориулсан дэлхийн хэмжээний Google Careers сертификатыг олгох хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Мянган залууг хамарсан энэхүү хөтөлбөр нь дата аналитик, кибер аюулгүй байдал болон дижитал маркетинг зэрэг цахим дахь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудыг олгох тэтгэлэгт хөтөлбөр юм. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цахим хөгжил харилцаа холбооны яамнаас “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа. Улмаар Монгол Улс 3000 инженерийг хоёр жилийн хугацаанд бэлтгэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна. Google-ийн дэлхийн хэмжээний хөтөлбөрийг ашиглан дотоодын хүний нөөцөө бэлтгэх ажлыг энэ оны сүүлээс хэрэгжүүлнэ” гэж ярилаа. Нэмж хэлэхэд ютүб болон контент хөгжүүлэгчид Google-ийн Android Storyе-оор дамжуулан Googleе-ийн платформд контентоо гаргаснаар орлогын эх үүсвэрүүдийн нээж өгдөг хөтөлбөр болон төлбөрийн шийдлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна” гэсэн юм.