Улаанбаатар хотод өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 20 цагийн орчимд орсон аадар борооны улмаас уулын үер бууж, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хороонд хүнд нөхцөл байдал үүсээд байгаа.
Үерийн улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, олон зуун айл өрх, автомашин, техник хэрэгсэл, аж ахуйн нэгж үерт өртсөн. Бид үүсээд буй үерийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрээс шууд дамжуулан сурвалжиллаа.
ШУУД:
Үерийн гамшигт өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал нүд халтирч, сэтгэл өвтгөм дүр зурагтай байсныг юун түрүүнд дурдъя.
20-30 орчим минут үргэлжилсэн гэх аадар борооны улмаас уулын үеэр бууж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урсжээ. Тиймээс холбогдох албаны алба хаагчид өнөөдөр өглөө 06 цагаас эхлэн сэргээн босгох ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Уг ажилд нийслэлийн харьяа байгууллагууд, Онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид, мөн Зэвсэгт хүчний болон батлан хамгаалахын салбарын алба хаагчид оролцож байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Цэргүүдийн ажиллах нөхцөл байдлыг хангаж, тусгай хувцас хэрэглэл тарааж өгсөн байв.
Иргэдийн тухайд үерийн улмаас орон гэргүй болж, нөхцөл байдал хүнд байна гэдгээ хэлж, гамшгийн улмаас учирсан хохирлоо хэрхэн барагдуулж авах, цаашид амьдрах баталгаа байхгүй болоод байгаагаа учирлаж байлаа.