“Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-нд зуслан руугаа явах замд нь хоёр залуу хутга тулган 1.5 тэрбум төгрөг өг гэж шаардсан байна. Улмаар тэдний аминд халдахаар заналхийж, эхнэрийг нь авч үлдэн нөхрөөр нь 300 000 ам.доллар, мөн хэмжээний юань бэлтгүүлэн есдүгээр сарын 11-нд авахаар болсон аж. Харин цагдаагийнхан шуурхай ажиллагаа явуулсны дүнд 35 настай хоёр залууг саатуулж, барьцаалагдсан иргэдийн амь, эрүүл мэндэд ямар нэг хохиролгүйгээр тэднээс салгаж авсан байна. Өдгөө гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд нэлээд эртнээс төлөвлөн тухайн хоёр иргэнийг барьцаалж, мөнгө шаардсанаа хүлээсэн байна.