МАН-ын дотоод хагарал, зөрчилдөөн өнөөдөр ч улс төрийн хүрээнд анхаарал татсан хэвээр байна. Энэ зөрчил хэрхэн өрнөхөөс зөвхөн намын дотоод харилцаа бус, УИХ-ын чуулганы хэвийн үйл ажиллагаа, цаашлаад 2027 оны улсын төсвийн хэлэлцүүлэг хүртэл хамаарах нөхцөл байдал үүсээд байна. Гэвч өнөөгийн байдлаар талууд байр сууриасаа ухарч, харилцан буулт хийх шинж төдийлөн харагдахгүй байна.
"МАН-ЫН ХАГАРАЛ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛЖ БАЙНА"
Тухайлбал, МАН-ын цөөнхийн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын гишүүд цөөнхийн эмэгтэй гишүүдээс Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас уучлалт гуйхыг шаардсан гэх асуудлаас үүдэн чуулганы хуралдааныг "бойкотлосон". Улмаар есдүгээр сарын 23-нд Ерөнхий сайд Н.Учрал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын 13 гишүүнийг хүлээн авч уулзсан байна.
"Л.ЭНХ-АМГАЛАН, Т.НЯМ-ОЧИР НАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДСАН 13 ГИШҮҮНИЙ ШААРДЛАГАД Н.УЧРАЛ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ"
Уулзалтын үеэр А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг “түгжилмаа” хэмээн нэрлэсэнтэй холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нарыг огцруулах шаардлага тавьсан гэх мэдээлэл бий. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол 2027 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурийг ч илэрхийлжээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал тэдний шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд төсвийн төслийг гацаах нь цалин, тэтгэвэр тавих зэрэг төрийн санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүйг анхааруулсан гэх. Мөн Л.Энх-Амгалан, Т.Ням-Очир нарыг огцруулах үндэслэлгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
"Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫГ ДАГАСАН 11 ГИШҮҮН Л ҮЛДЖЭЭ"
Энд нэг зүйлийг онцлох шаардлагатай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг тойрсон 30 гишүүний нэгдэл задарснаас хойш хэдийнэ хоёр жил өнгөрчээ. Тухайн үеийн улс төрийн хүчний харьцаатай харьцуулахад өнөөдөр тэднийг дагасан гишүүдийн тоо эрс цөөрсөн гэх мэдээлэл бий. Өнгөрсөн есдүгээр сарын 23-ны уулзалтад 13 гишүүн оролцсон нь ч энэ нэгдэл өмнөх хэмжээндээ байхаа больсныг харуулах нэг үзүүлэлт болов.
Гэхдээ МАН-ын дотоод зөрчлийн төгсгөлийг одоо хэлэхэд эрт. Монголын улс төрд өнөөдөр ширүүн муудалцсан талууд маргааш нь инээмсэглэн гар барьж, “нам эв нэгдэлтэй байсан” хэмээн мэдэгдэх тохиолдол цөөнгүй. Тиймээс өнөөдрийн хагарал маргаашийн эвлэрлээр дуусахыг ч үгүйсгэх аргагүй.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН “ОРОГНОХ БАЙР” НЬ Н.НОМТОЙБАЯРЫН ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-
Харин өнөөгийн нөхцөлд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “орогнох байр” нь Н.Номтойбаярын Үндэсний эвсэл байж болох. Засгийн газартай хамтарсан Үндэсний эвсэл цөөнхийн бойкотод нэгдэж байсныг УИХ-ын ирцийн мэдээллээс ч харж болно. Цаашилбал, Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нар улс төрийн хүрээнд ойр, найзууд. Энэ зун Хэнтий, Булган аймагт болсон МАН-ын цөөнхийн уулзалтад Н.Номтойбаяр оролцсон гэх мэдээлэл ч бий. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг дагасан гишүүдийн дээр Хотын дарга асан Х.Нямбаатарыг ч мартаж болохгүй. Тэрбээр ирэх УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшинэ хэмээн ярьж явсан хугацаа саяхан ч тэрбээр мөн адил Үндэсний эвслээс нэр дэвших бололтой.
Я.СОДБААТАР: НАМЫГ ХАГАЛАН БУТАРГАЖ, ЭВ НЭГДЭЛГҮЙ БОЛГОСОН” ХЭН БҮХНИЙГ НАМААСАА ХӨӨНӨ
Н.Учралын тухайд эрх мэдлээ үргэлжлүүлж, өөрийн ялах хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн ялалт байгуулах, тэгж байж 2028 оны сонгуульд намаа удирдаж орох зорилготой. Улмаар ирэх УИХ-ын ээлжит сонгуульд Л.Оюун-Эрдэнийн амжилтыг ахиулж, хамгийн багадаа 69 суудал авах ёстой. Харин энэ сонгуульд Н.Учрал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын гишүүдийг намаасаа нэр дэвшүүлэх нь юу л бол. Учир нь өдгөө Н.Учрал, Я.Содбаатар нар “намыг хагалан бутаргаж, эв нэгдэлгүй болгосон” хэн бүхнийг намаасаа хөөнө хэмээн хатуу сануулсаар байна. Тиймээс өнөөдрийн МАН-ын хагарал зөвхөн чуулганы ирц, нэг сайдыг огцруулах эсэхээр хэмжигдэхгүй. Цаана нь 2028 оны сонгуульд хэн МАН-аас нэр дэвших, хэн намдаа үлдэх, хэн хаалганы гадна үлдэх вэ гэдэг илүү том асуудал яригдаж байна.
Энэ мэтээр ирэх сонгууль хүртэл намын хагарал үргэлжлэх үү, нэг хөнжилдөө эргээд эвлэлдэн орох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Харин өнөөгийн нөхцөлд аль аль тал нь өөрсдийн байр суурин дээрээ зогсож байна.