Аэро Монголиа компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдэнэ

Аэро Монголиа компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдэнэ

Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 34 орноос 16 агаарын тээвэрлэгч, 19 чиглэлд нислэг үйлдэж 365515 жуулчин Монгол Улсад иржээ. Үүнээс БНСУ-ын 72403 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19,8 хувийг эзэлж байна.

“Аэро Монголиа” ХХК нь Улаанбаатар - Сөүл - Улаанбаатарын чиглэлд 2023 оны 7 дугаар сарын 1-нээс анхны нислэгээ эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж буй “Аэро Монголиа”ХХК-ны УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.08.08/ болж, үүнийг тохиолдуулан “Welcome to Mongolia” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо.