Аэро Монголиа компани БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудалд байнгын нислэгтэй болсноо зарлалаа

Аэро Монголиа компани БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудалд байнгын нислэгтэй болсноо зарлалаа

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн юм. Уг арга хэмжээний хүрээнд ”Аэро Монголиа” ХХК БНСУ-ын Инчеон олон Улсын буудалд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд, анх удаа байнгын нислэгтэй болсноо олон нийтэд зарлалаа.

“Аэро Монголиа” ХХК 2001 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны  улсуудад  үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын орлогч дарга Ким Бом Ху болон албаны хүмүүс оролцлоо.