Б.Үүлэнсолонго: “Морьт харваа” зөвхөн эрэгтэй хүний спорт биш. Монгол хүний цусанд байдаг үндэсний спорт учир хүн бүр суралцаж болно /ВИДЕО/

Б.Үүлэнсолонго: “Морьт харваа” зөвхөн эрэгтэй хүний спорт биш. Монгол хүний цусанд байдаг үндэсний спорт учир хүн бүр суралцаж болно /ВИДЕО/

Хүннү, Сяньбигийн үеэс XIII зуун дамнан цэнхэр гарагийг эзэгнэсэн агуй их түүх, алдар нэр нь дэлхий дахинаа тэмдэглэгдэн үлдсэн дайчдад ердөө нум сум болон морь л байсан гэх. Энэ үеэс л Монголчуудын эрэлхэг түүх морь, нум сумгүйгээр бичигдээгүй байдаг.

Тэгвэл эл агуу гүрний үргэлжлэл болсон Монгол үндэстэн хүчирхэг түүхэн соёлоо хадгалж, цусанд нь хүч оршдогийн учир үзэсгэлэн гоо бүсгүйчүүд хүртэл өдгөө хүлэг морины нуруунд нум сум агсаж явах нь ихэсжээ. Тэднийг ч жуулчид бишрэн гайхширна. Энэ бол Монголын нэгэн биет бус өв ааваас хүүд, ээжээс охид үе дамнан явсаар өдийг хүрснийг харуулна. Үүний нэгэн жишээ өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Даншиг наадам Хүрээ цам 2023-д илт харагдав. Юу вэ гэвэл тус наадмын морьт харваачдын бэлтгэл хийж буй хэсэгт жуулчид бөөгнөрч нум сум агсан моринд мордсон шаргал дээлтэй залуухан охиныг харж, хэдэнтэй зургийг нь дараад эрхий хуруугаа гозойлгоод хоорондоо элдвийг ярилцана. Сэм сонсвол “ямар үзэсгэлэнтэй ямар зоригтой харагдаж байна аа. Уг нь тэр Солонгос эмэгтэйчүүд шиг цагаан маш хөөрхөн ч моринд мордоод зогсож байгааг нь харахад өөр хаана ч харахгүй зоригт үзэсгэлэн гоо харагдаж байна шүү дээ” гэлцэв. Иймд бид тус наадмын морьт харвааны тэмцээнд оролцохоор ирсэн эмэгтэй харваачдыг түр саатуулж ярилцсан юм.

ВИДЕО: 

Жуулчдын ярилцаж буй шаргал дээлтэй охиныг Б.Номин-Эрдэнэ гэнэ. Түүний хувьд 16 настай морь харваагаар хичээллээд хоёр сар, газраас харвахыг суралцаад найман сар болж буй аж. Тэрбээр “Морь зам руугаа ороход шууд зүрх хурдан цохилоод бүүргэнээсээ барьж байснаа санадаг юм. Өмнө нь нэг их зав зай гардаггүй байсан. Багаасаа морьт харваагаар хичээллэхийг мөрөөддөг байсан. Тэгээд зав гарахгүй байж байгаад өнгөрсөн өвлөөс би яг тусгайлан цаг гаргаж энэ спортоор хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэхэд хүнээс нэлээд их зорилго шаарддаг. Мөн тэвчээртэй байж, сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн байх ёстой байдаг.

Монголчууд эрт дээр үеэс морьт харваа гэдэг зүйлээр л дэлхийн талыг эзэлсэн шүү дээ. Тиймээс одоо энэ үндэсний өв буюу соёлын үнэт өвөө тээж явна гэдэг нь маш гоё зүйл. Энэ өвийг цааш нь үргэлжлүүлж өв тээгч болоод явж байна.

Байгаа онох мэдрэмж хэдхэн долийн дотор маш гоё санагддаг. Тэглээ гээд баярлаад хөөрөөд яваад байж болохгүй. Дараагийн бай луугаа анхаарах ёстой. Хөөрч явж байгаад дараагийн байгаа хаяж магадгүй. Тийм болохоор анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Эмэгтэй морьт харваачид маш олон байдаг. Харваачдын клубүүд байдаг. Түүн дотроо цөөн эмэгтэй харваачтай ч байна. Олон эмэгтэй харваачтай ч байдаг. Монголын морьт харваа гэдэг тулааны урлаг, спортыг монголын охид хүүхдүүд хөгжүүлээд авч явбал их сайхан байна. Монголын түүхэнд дайчин гүнж нар дайчин хатад их олон байсан шүү дээ. Тэр гүнж нарын үргэлжлэл болж яваарай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Тус талбайд мөн л үзэгч олны харааг булааж халуун наранд гарааг нь хүлээхэд хүргэж буй нэгэн үзэсгэлэнт харваач бүсгүйг Б.Үүлэнсолонго гэнэ. Түүний хувьд морьт харваагаар харваагаар хичээллэж байгаагүй бөгөөд өнгөрсөн жил “Зэвт дайчид” гэдэг нэртэй шоунд оролцох үеэрээ долоо хоногт харваж сурчээ. Улмаар үүнээс хойш цаг гарган хичээллэж чадаагүй ч даншиг наадамд хүч үзэхээр ирээд буй нь энэ юм.

Тэрбээр "морьт харваан талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Яг морьтойгоо нэг цул болох мэдрэмж дээр л энэ спорт явдаг юм шиг санагддаг. Энэ нь ганц эрэгтэйчүүдийн спорт биш юм байна лээ. Өмнө нь би ганц эрэгтэйчүүдийн спорт гэж боддог байсан. Энэ спорт нь хүний дотоод хүчийг сэргээсэн. Байгаль, газар шороо болон амьтадтай, морьтой харьцана гэдэг бол мэдрэмжийн хувьд нандин спорт. Дотроос маш их хүч гаргадаг. Өөрийгөө зоригжуулах, хүчийг мэдрэх, мэргэн байх гээд энэ бол эрэгтэй, эмэгтэйгүй хичээллэснээрээ дотоод хүчээ сэргээх спорт гэж мэдэрсэн. Бидний өвөг дээдсээс бидний цустай холбогдож ирсэн. Цус булгилуулсан спорт учир гэр бүлээрээ ялангуяа үр хүүхдүүдээ энэхүү спортоор хичээллүүлээсэй гэж хүсэж байна. Энэ спорт нь хүүхдүүдийн дотоод хүчийг гаргаж ирэхэд маш том үүрэг үзүүлэх мундаг спорт. Яагаад гэвэл дотоод хүч гэдэг амьдралын бүх зүйлд хамгийн чухал хэрэгтэй зүйл шүү дээ” хэмээв.