Б.Мөнхтамир: В787-9 агаарын хөлөг ирэх долоо хоногоос нислэгийн хуваарьт орж, Сөүл, Истанбул, Франкфуртийн чиглэлд иргэдэд үйлчилнэ

Б.Мөнхтамир: В787-9 агаарын хөлөг ирэх долоо хоногоос нислэгийн хуваарьт орж, Сөүл, Истанбул, Франкфуртийн чиглэлд иргэдэд үйлчилнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн. Айлчлалын үеэр Засгийн газар хооронд "Агаарын тээврийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болсон бөгөөд энэ хүрээнд  МИАТ ТӨХК холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай "Боинг 787" нисэх онгоцыг АНУ-аас хамгийн бага үнээр худалдан авахаар болсон.

Улмаар өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр МИАТ компани 787-9 төрлийн хөлгийг Монгол Улсад хүлээн авах ёслолын ажиллагаа Чингис Хаан ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн Ангаарт болж өндөрлөлөө. Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир мэдээлэл өгөв.

Тэрбээр “В787-9 Dreamliner онгоцыг хүлээн авч байгаа нь МИАТ ТӨХК-ийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Энэ онгоцыг авчрахад манай компанийн бүх ажилтан оролцсон. Сүүлийн нэг жил гурван сарын хугацаанд тасралтгүй хэлэлцээр хийсний үр дүнд өнөөдөр онгоцоо хүлээн авч байна. Дараагийн онгоц 2024 оны гуравдугаар сард ирнэ. Өнгөрсөн сард МИАТ компани дангаараа 350 нислэг хийсэн. Энэ бол агаарын тээврийн либералчлал бодитой явагдаж байгаагийн шинж. Бид өргөн их биетэй онгоцыг нэвтрүүлснээр алсын зайны нислэгүүдийг хийхээр ажиллаж байна. Бид 787-9 онгоцоор 2024 оны хоёрдугаар улиралдаа багтан АНУ руу шууд нислэг үйлдэнэ. 2025, 2026 онд Австрали, Сингапурын нислэгүүдийг хийхээр төлөвлөгөөндөө оруулан бэлтгэлээ хангаж байна. Онгоцыг шууд болон зээлээр худалдан авах нөхцөлд тухайн сард төлөх төлбөрийн хэмжээ өндөр бөгөөд хүүгийн төлбөрт ихээхэн мөнгө төлдөг. Түүнчлэн 10-15 жил ашигласны дараа тухайн онгоц хуучирсан байдаг тул түрээсийн онгоц ашиглах нь илүү ашигтай. B787-9 онгоцны түрээс нь сард 770,000 ам.доллар. Энэ бол дэлхийн зах зээл дээрх В787-9 онгоцны түрээсийн үнээс 20-30 хувь хямд авч байгаа. Энэ үнээр түрээслэхэд  манай хамт олон маш их хүчин зүтгэл гаргасан. МИАТ ТӨХК  100 хувь төрийн өмчит, бизнесийн байгууллага. Бид өөрийн хөрөнгөөр санхүүжиж, төсвөөс нэг ч төгрөг авдаггүй, ногдол ашиг төвлөрүүлдэг. КОВИД-19-ийн хүнд нөхцөл байдлын дараа Төрийн хэмнэлтийн хуультай зэрэгцэн МИАТ компани "бүсээ чангалж", 2022 онд гэхэд 44 тэрбум төгрөг хэмнэн, тухайн оны эцэст 37 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирч байна. Өрсөлдөөн улам нэмэгдэж байна. МИАТ компани өрсөлдөөнд бэлэн. Ойрын хугацаанд үндсэн тарифаа тодорхой хэмжээгээр бууруулахаар зорин ажиллаж байна. 2011 оноос хойш МИАТ компанийн үндсэн тариф огт нэмэгдээгүй. Агаарын тээврийн компанийн хувьд бүх зардал гадаад валютаар явагддаг тул тарифаа валютаар тогтоодог. Гэвч ам.долларын ханш монгол төгрөгийн эсрэг чангарсан үед тасалбарын үнэ өсөж байгаа мэт харагддаг ч ам.долларын хэмжээгээрээ өсөөгүй байгаа. В787-9 агаарын хөлөг ирэх долоо хоногоос нислэгийн хуваарьт орж, иргэдэд үйлчилнэ. Ингэхдээ Сөүл, Истанбул, Франкфуртийн чиглэлд тавихаар төлөвлөсөн. Үүнээс үрүүлж зөвшөөрөл гарсан улс руу нислэг үйлдэнэ” гэлээ.