Борооны улмаас хойшлогдсон Азийн залуучуудын наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Борооны улмаас хойшлогдсон Азийн залуучуудын наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж байна.

11 төрлөөр өрсөлдөх 808 тамирчны тэмцээн өчигдөр боксын төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн 54 кг-д залуучуудын улсын аварга Э.Номундарь БНСУ-ын тамирчин У Еэ Жинтэй өрсөлдөн хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдах юм байна.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Ү.Баасандаш эхний тулаанаа Тайванийн Руи Цун Цайтай хийж, хүрэл медалийн болзол хангасан бол У.Алтангэрэл Японы Шома Окүмүрад дийлдэн тэмцээнээ өндөрлүүлжээ. Ү.Баасандаш Баасан гарагт мөнгөн медалийн төлөө тулалдах юм байна.

Боксын тэмцээнд нийт 43 тамирчин өрсөлдөж буй бөгөөд Монголоос 10 тамирчин оролцож байгаа аж.

Харин наадмын нээлтийн арга хэмжээ өчигдөр 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд товлогдсон ч Улаанбаатар хотод бороо тасралтгүй орж, онцгой нөхцөл байдал үүссэн тул өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны 20:23 цаг хүртэл хойшлуулжээ.

Зүүн Азийн залуучуудын наадамд БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Макао, Хонконг зэрэг нийт 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2,600 гаруй төлөөлөл оролцож байгааг албаныхан мэдээллээ.