Хавай арлын гал түймрийн улмаас 110 хүн амиа алдаж, 4.5 мянган хүн орох оронгүй болжээ

Хавай арлын гал түймрийн улмаас 110 хүн амиа алдаж, 4.5 мянган хүн орох оронгүй болжээ

Хавайн арлын гал түймэр өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхэлсэн бөгөөд ган гачиг, хуурайшилтын улмаас гал гарч, Номхон далай дээгүүр өнгөрч буй Дора хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхи гал тархахад нөлөөлсөн хэмээн үзэж буй.

Хавайн арлуудад гарсан гал түймэр их хэмжээний хохирол учруулж олон хүн амиа алдлаа. Тодруулбал, наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 92 гэж мэдээлж байсан бол энэ тоо нэмэгдэж, 110 хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа юм.

Наймдугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гамшиг тохиосон муж руу очиж, нөхцөл байдалтай танилцаж, аврах албаны ажилтнууд болон гал түймрийн үеэр амьд үлдсэн хүмүүстэй уулзах гэнэ.

Наймдугаар сарын наймны өдөр Хавайн арлуудад гарч эхэлсэн уг түймэр АНУ-д сүүлийн 100 жил тохиосон, хамгийн их хүний амь нас авч одсон түймэрт тооцогдож байгаа юм.

Энэ түймрийн улмаас 4,5 мянган хүн орох оронгүй болж, мужид учирсан хохирлын хэмжээ зургаан тэрбум доллар давна гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.