Манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг Ус, Нар, Салхины цахилгаанаар хангахад АНУ тусалж, Монголын Ардчиллыг бэхжүүлье гэж Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар ярьжээ

Манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг Ус, Нар, Салхины цахилгаанаар хангахад АНУ тусалж, Монголын Ардчиллыг бэхжүүлье гэж Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар ярьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. Тухайлбал, Ройтерс агентлаг, “Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ” хэмээн мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-МОНГОЛ, АМЕРИК ХОЁР АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ШИНЭ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА БОЛ МАНАЙ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ АНУ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Сонирхуулахад, газрын ховор элемент нь цахилгаан автомашин, ухаалаг гар утас гээд дэвшилтэд технологийн гол түүхий эд юм. Харин АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээлэлд, “Монгол Улсын газрын ховор элементийн нөөц 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,7 хувь нь” гэж мэдээлж буй. Харин өмнө нь ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Герман, Япон, БНСУ /Умард Солонгос/ гэсэн улсуудад айлчлах үеэр “газрын ховор элементийн чиглэлд манайхтай хамтран ажиллая” гэдгээ эдгээр орнууд илэрхийлж байв.

Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын талаар нийтэлсэн Цагаан ордны мэдээлэл

Тэгвэл АНУ-ын “Цагаан ордон”-оос гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын талаарх албан ёсны мэдээлэлд, “Хоёр тал ашигт малтмал, эрчим хүчний салбарт шинэ түншлэлийн харилцааг эхлүүлж байна. Ялангуяа АНУ, Монгол Улс чухал ашигт малтмал /газрын ховор элемент/-ын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэ салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна” гэсэн нь Монгол Улс уул уурхайн салбарт шинэ түнштэй болж байгааг илтгэж байгаа явдал юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ АНУ-ын тал Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр илэрхийлжээ.

Учир нь Цагаан ордны мэдээлэлд, “АНУ-ын зүгээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв” гэжээ. Тодруулбал, манай улсад эрчим хүч, төмөр зам, шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай явж ирсэн ба “Оросын тагнуул Е.А.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар нь монголын эрчим хүчний төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажил явуулж байсан” гэх мэдээлэл ч Германы Nosvox.com сайт дээр гарч байсан удаатай. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Нийтлэлийн эхэнд өгүүлсэн Ройтерс агентлагийн мэдээлэлд, “Монгол Улс ховор металл олборлох чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтон хотод айлчлах үеэрээ мэдэгдсэн ч АНУ, БНХАУ-ын хооронд "шинэ хүйтэн дайн" үүсэх нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг санууллаа” гэжээ.

-АНУ-ЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУД ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА-

Сэргээгдэх эрчим хүч гэдэгт “Усан цахилгаан станц”, “Нарны эрчим хүч”, “Салхины эрчим хүч”, “Газрын гүний дулааны энерги”, “Биомассын эрчим хүч” зэрэг багтдаг. Харин манай улсын сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг АНУ дэмжинэ гэдэг нь хоосон амлалт биш.

Тодруулбал, Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 75 гаруй хувь, нүүрстөрөгчийн давхар ислийн бараг 90 хувийг бүрдүүлж байгаа чулуужсан түлшнээс дэлхийн хараат байдлыг гаргах зорилготой АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний олон компаниуд энэ чиглэлд дэлхийд тэргүүлж байгаа юм. 

Харин АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний шилдэг найман компанид, 1-д NextEra Energy, 2-д Green Mountain Energy, 3-д TPI Composites, 4-д Renewable Energy Croup, 5-д Clearway Energy, 6-д First Solar Inc, 7-д PlanEt, 8-д Tesla компаниуд багтдаг. Энэ утгаараа бид олон жил яригдаж буй “Эгийн гол”, “Эрдэнэбүрэн”  зэрэг усан цахилгаан станцын төслүүдээ АНУ-ын компаниудтай хамтарч хэрэгжүүлэх боломж ч харагдаж байгаа юм. 

-АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ 25 САЯ АМ.ДОЛЛАР, ГАШИГТ БЭЛЭН БАЙГААРАЙ ГЭЖ 600 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АНУ-ААС МОНГОЛД ҮЗҮҮЛЖЭЭ-

Нөгөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг хийх асуудал яригдсанаас гадна өөр олон асуудал шийдэгдсэн байна.

Тодруулбал,

  • Мянганы сорилтын сангийн усны хамтарсан компакт гэрээгээр дамжуулан Монголын усны нөөцийг зохистой ашиглахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэмдэглэсэн.
  • Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа энэ онд багтаан иргэний нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.
  • Хоёр тал энэ онд багтаан Монгол Улс, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын суурь хэлэлцээрийн Удирдах зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • АНУ болон Монгол Улс англи хэлний боловсролын хүртээмжийг өргөжүүлэх, мэдлэгийг нэмэгдүүлэх программчлал бүхий “American Space”-ийг Эрдэнэт хотод шинээр нээх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. АНУ Монгол дахь англи хэлний багшийн туслах хөтөлбөрөө өргөжүүлж ажиллах орон тоогоо 50 хувиар нэмж байна.
  • Ардчиллын үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь амин чухал болохыг хоёр тал тэмдэглэж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчийг дэмжих, олон талт эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Сангийн яам хооронд 25 сая ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь зуд болон бусад аюулыг даван туулах, гамшгийн бэлэн байдлын хөтөлбөрүүдэд 600 мянган ам.долларын нэмэлт дэмжлэг үзүүлж байна.
  • АНУ, Монгол Улс хилийн аюулгүй байдлыг сайжруулах, хар тамхины наймаа, хүний наймаа, соёлын үнэт зүйлс, ан амьтны хууль бус наймаа, мөнгө угаах зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
  • Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-аас хүлээн авах гэж буй хөнгөн тактикийн 20 автомашиныг онцолж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх олон асуудал шийдэгдсэн байна. Энэ талаар АНУ-ын Цагаан ордноос гаргасан албан ёсны мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.