Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг та бүхэндээ хүргэе.
Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах ба өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн дээрх бүтээн байгуулалтын ажил 55 хувьтай явагдаж байгаа аж. Гүүрний барилгын ажлын хүрээнд нийт найман дам нуруу байрлуулж, авто замын далангийн дүүргэлт, хашлага суулгах ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч компанийн 50 гаруй хүн, 20 гаруй машин механизм, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа бөгөөд замын хучилт наймдугаар сарын 25-нд дуусаж, есдүгээр сарын 25-н гэхэд зорчих хөдөлгөөнийг нээх аж.
Харин Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна. Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчлэх юм.
Тус гүүрийг наймдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн боловч бороо орж, Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байлаа. Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, "Түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа хамгийн том гүүрэн байгууламжийн нэг нь энэ. Хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт гүүр. Наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бороо их орж, үер болсон, мөн инженерийн шугам сүлжээний ажилтай холбоотойгоор 20 орчим хоног алдлаа. Есдүгээр сарын 15-нд хөдөлгөөнийг нээнэ" хэмээжээ.