О.Энхмаа: Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Кёкүшюзан Д.Батбаяр гэх хүмүүс дархан цаазат Богдхан ууланд 60.2 хүртэлх га газар эзэмшиж, барилгажуулсан нь хууль зөрчиж байна /ВИДЕО/

О.Энхмаа: Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Кёкүшюзан Д.Батбаяр гэх хүмүүс дархан цаазат Богдхан ууланд 60.2 хүртэлх га газар эзэмшиж, барилгажуулсан нь хууль зөрчиж байна /ВИДЕО/

Бид энэ удаад Дархан цаазат Богдхан ууланд газар эзэмшсэн гэх асуудлаар "Энхрий үрс, халуун зүрх" төрийн бус байгууллагын тэргүүн, мэдээгүйжүүлгийн эмч О.Энхмаатай ярилцлаа.

Түүний хувьд хууль зөрчсөн хэрэг, гацсан барилгын асуудлаар тууштай тэмцэж, дуу хоолойгоо хүргэж яваа нэгэн бөгөөд АТГ-д нийт 19 удаагийн гомдол бичиг хүргүүлж байжээ. Тэрбээр энэ удаад дархан цаазат Богдхан ууланд газар эзэмшиж, хууль зөрчин, тансаг зэрэглэлийн хаусуудаа сүндэрлүүлсэн иргэн, албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-д шаардах бичиг хүргүүлээд байгаа аж. Иймд бид түүний шаардах бичигтээ хавсаргасан баримтын талаар ярилцахыг хүссэн юм.

ВИДЕО: 

Богдхан уулын нийт 34 ам бий. Үүний 32 амыг барилгажуулсан байдаг. Тэгвэл энд хэн хэдэн га талбайг эзэмшиж, барилгуудаа барьж сүндэрлүүлсэн нь ихээхэн сонин. Энэ талаар О.Энхмаагаас асуун яарилцлаа.

"2023 оны наймдугаар сарын 14-ний өдөр 1233 албан шаардлагыг Авлигатай тэмцэх газрын тэргүүн комисар З.Дашдаваад хүргүүлсэн. Дархан цаазат Богдхан ууланд хуулийн цоорхой ашиглан газар эзэмшсэн гэх асуудалд УИХ-ын зургаан гишүүний нэр холбогдсон бөгөөд Д.Өнөрболор гишүүнд эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Богдхан уулын 34 ам байдаг үүний 32 амыг нэр нөлөө бүхий хүмүүс эзэлсэн.

Авлигтай тамцэх газраас Д.Өнөрболорыг Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшсэн, улмаар тансаг зэрэглэлийн хаус барьж, асар их орлого олсон гэх асуудлаар шалгаж байна.

Саяхан УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг эргүүлэн татаж магадгүй гэж нэг хэсэг шуугисан шүү дээ. Энэ үеэр Д.Өнөрөболорыг шалгаж, гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гаргасан байдаг. Гэвч хэрэг үүсээд шалгагдаж байгаа мөртлөө дархан эрх нь байсаар л байна. Үүнийг хууль хяналтынхан шийдэх гээд ч прокурор нь хүртэл шаардлага тавиад дийлэхгүй байна шүү дээ.

Дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Энэ хүн бол яг өөрийнхөө нэр дээр биш ээжийнхээ нэр дээр эзэмшиж буй "Бага тэнгэрийн ам" гэх 60.2 га газар тансаг зэрэглэлийн, олон давхар, нэг метр.кв нь гурван тэрбумаас дээш өртгөөр зарагдаж буй тансаг зэрэглэлийн хаусуудыг сүндэрлүүлсэн байгаа.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Нью прогресс" ХХК гэх хувийн компаний "AJJS" гэх охин компаниар дамжуулан, нэр дээр нь 9.9 м.кв болон түүний залгаа газар болох 24 га газрыг эзэмшиж, бас л тансаг зэрэглэлийн хаусуудыг сүндэрлүүлсэн. Энд одоогоор шалгалт орж эхлээгүй байгаа. Ганц шалгагдаж байгаа гишүүн нь Д.Өнөрболор гишүүн л байна.

Дараагийн дугаарт Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ гэх гишүүд бий. Энэ гишүүдийн талаар нарийн судлагдаагүй байна. Гэхдээ хэн нь хэдэн га талбайг эзэмшиж байгаа талаар АТГ-д баримтыг нь бүрдүүлж өгсөн байгаа.

Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарын эзэмшдэг "Өлзийт голын эх" гэх хувийн хувьцаат кампаниараа дамжуулан 11.9 га газар авч "Арцат вилла" хотхоныг сүндэрлүүлсэн.

Одоогоор шалгагдаад явж байгаа. Олон нийт үүнийг бас ихээхэн анхаарч, ажиглаж байна.

Дараагаар нь Н.Номтойбаяр гишүүн асаны ээж нь 11.3 на газар, төрсөн дүү Н.Цэлмүүн нь 23 га газрыг эзэмшиж, дархан цаазат Богдхан ууланд газар эзэмшдэг хувь хүмүүсийг толгой цохиод явж байна. Эдгээр хүмүүс Монголын баялгаар асар их хөрөнгөжсөн ч үүндээ ханаж цадахгүйгээр Монголын дархан цаазат газраас газар аваад бизнесээ эрхлээд явж буй нь хэт их шуналын сэдлээр хүйтэн цэвдэг хандаж байна шүү дээ.

Түүнчлэн олны танил эрхмүүдээс сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэх мэт бидний мэдэх алдар хүндтэй хүмүүсээс бас бий.

Үүний ард юу байна вэ гэхээр "Тусгай хамгаалалтын тухай хууль"-ийн 11.6-д зааснаар бол тухайн газрыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн судалгааны баг болон түүний отог барих боломжтой гэж хуулиндаа заасан бөгөөд барилга байшин барьж болно гэж огт зааж өгөөгүй. Иймээс тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчсөн байна.

Харин барилгын тухай хуулиндаа үүний огт зааж өгөөгүй. Дархан цаазат газар өндөр зэрэглэлийн барилга, тансаг зэрэглэлийн хаус хотхон барьж болохгүй гэж зааж өгөөгүйн харгайгаар өнөөдөр хуулийн цоорхой ашиглан эрх мэдэлтэй, улс төрд нөлөө бүхий хүмүүс хөрөнгө мөнгөндөө дулдуйдан тухайн засгийн газрын агент буюу Байгаль орчны яам, сайдад авлига хээл хахуулийн нөлөө үзүүлж газар авсан байж болзошгүй байгаа юм. Хамгийн гол мөрдөгдөхгүй байгаа хууль нь Байгаль орчны яам өөрсдөө байгалийн цогцолборт газар, түүхийн дурсгалт газар, онцгой бүс бүслүүрийг хамгаалах ёстой гэж хуулиндаа заасан байтал энэ онцгой бүс буюу дархан цаазат газар маань огтхон ч хамгаалагдахгүй байна" гэсэн юм.