Канад охины Монголд гээсэн тоглоомыг олж, үнэрийг нь гаргахгүй хэмээн уутанд хийж эзэн рүү нь илгээжээ

Канад охины Монголд гээсэн тоглоомыг олж, үнэрийг нь гаргахгүй хэмээн уутанд хийж эзэн рүү нь илгээжээ

Манай улсад аялж явсан Канад охин хайртай бамбаруушаа гээсэн тул олж өгөхийг хүссэн тухай пост олон нийтийн сүлжээнд гарсан билээ.

Түүний бамбаруушийг Өмнөговь аймгийн Сэврэй сумаас олж, сумын Засаг дарга Улаанбаатарт хүргэсэн байна. Мөн Канад улс руу бамбаруушны эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгсөн тухайгаа фэйсбүүк хаягтаа бичжээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан, "Бамбаруушны эзэн охин Канад улсын иргэн юм байна. Бамбаруушийг аав нь бэлэглэсэн аавыг нь орлож үлдсэн ганц хайртай тоглоом нь гэнэ. Охин Монголоор аялах үедээ тоглоомоо Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг алдарт Хонгорын элсний ар хормой дахь Жуулчин говь-2 бааз дээр орныхоо ар хөндийд унагаад мартаад явсан бөгөөд тоглоомоо олохоор зар тавиулсанд сайхан сэтгэлт Монгол түмэн олж өгч өнчирсөн сэтгэлийг нь дэвтээх юм сан гэж санаа тавьж байлаа. Жуулчин говь-2 баазын У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар орны араас олж, Улаанбаатарт хүргэж эзэнд нь өгөх үүрэг хүлээсэн юм аа. Уг тоглоомыг үнэр нь гарчих вий гэж гялгар уутанд хийж хямгадан явсаар Канад улс руу бамбаруушны эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгөв. Бамбарууш удахгүй эзэндээ хүрч охин баярлах байхаа. Энэ тоглоом нэг охины хувийн хэрэг хэдий ч монголчууд зөв зүйлд хүн хүнээ хайрлах, өрөвдөх, туслах, нинжин сэтгэл гаргах, гээд ямар их агуу сэтгэл гаргаж чаддаг гэдгийг баталж чадсан үйл боллоо" гэж бичжээ.