Автобус паркийн бүтээн байгуулалтад 12 компани ажиллаж байна

Автобус паркийн бүтээн байгуулалтад 12 компани ажиллаж байна

Засгийн газар, нийслэлийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч өнгөрсөн жил 415 автобус шинээр оруулж исрэн. Мөн энэ жил 810 автобус оруулж ирэх бөгөөд нийт 1225 автобусаар иж бүрэн парк шинэчлэл хийнэ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт барьж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркт ажиллалаа.

Энэ үеэр Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар: "2018 онд 12 компанид 13 багц ажлыг хэсэгчилж хувааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор зарим хүндрэл үүсэж байна. Коронавирусийн нөхцөл байдлын үед зарим компанийн ажил удааширсан. 140 автобусны багтаамжтай хоёр гарааш байгуулж байгаа. Эхнийхийг есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Манайх 172 автобустай. Цахилгааны ажил 100 хувь дууссан. Уурын зуухын ажил 95 хувьтай байгаа" гэлээ.

Зам, талбайн ажлыг гүйцэтгэж буй "Тэгш плант" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Золбаяр, "Зам, талбайн ажил 55 хувьтай байна. Шугам, сүлжээ, газар доорх байгууламжийг хийсний дараа хамгийн сүүлд манайх ажлаа хийнэ. Шинэ удирдлага ирснээр 12 компанийн уялдаа холбоо сайжирч байгаа. Бид компаниудад талбай чөлөөлж, газар доорх байгууламжаа хийж дуусгах, ажил хийсний дараа газар ухахгүй байх шаардлага тавьж байна" гэсэн юм.

"Бум констракшн" ХХК-ийн захирал Х.Бум, “Уурын зуухыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн. 2 МВт-ын хоёр зуух, 8 МВт-ын ус халаах нэг зуух бий. Хүчдэл өгвөл галлахад бэлэн” гэсэн бол "Тэлмүүнлхам констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Д.Азжаргал “Манайх оффисын барилгыг барьж байгаа. Одоо сарын ажил л үлдсэн” гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар, “2009 оноос хойш нийтийн тээвэрт дорвитой парк шинэчлэл хийгээгүй. Засгийн газар, нийслэлийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Парк шинэчлэлийн хүрээнд энэ жил 800 гаруй автобус оруулж ирнэ. Тиймээс ажлаа яаравчлах шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орж, шуурхай ажиллах хэрэгтэй” гэлээ.