БОАЖЯ: Горхи - Тэрэлж орчмын 74 газрын эзэмших эрхийг хүчингүй болгоно

БОАЖЯ: Горхи - Тэрэлж орчмын 74 газрын эзэмших эрхийг хүчингүй болгоно

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зөвшөөрөлгүй газар ашигласан нэр бүхий 74 газрын эзэмших эрхийг хүчингүй болгох тухай БОАЖ-ын яам мэдээллээ.

Тодруулбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглалтын мэдээллийн санд Монгол Улсын “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын нийтлэг горимыг тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

Иймд дээрхи хуулийн заалтыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох болсонтой холбогдуулан Монгол Улсын “Захиргааны ерөнхий хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасны дагуу хариу тайлбар, нотлох баримтын хамт наймдугаар сарын 31-ний дотор хамгаалалтын захиргаанд ирүүлэх талаар Байгаль Орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдлээ.

Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй бол хууль, журмын дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгох аж.