"Шилдэг офицер шалгаруулах 2023" уралдааны шилдгүүд тодорлоо

"Шилдэг офицер шалгаруулах 2023" уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургууль болон Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Чингэлтэй дүүргийн "Хайрхан хөгжил" спорт цогцолборт тус тус амжилттай зохион байгуулагдлаа.

Залуу офицеруудын манлайлал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан энэхүү тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 офицер цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт гэсэн үзүүлэлтээр өрсөлдсөн юм.

Тэмцээний дүрмийн дагуу шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй офицерыг даалгавар бүрийн гүйцэтгэлээр дүгнэхийн зэрэгцээ тус бүрийн төрөлдөө тэргүүлэгчдийг зарлаж, шагнаж урамшууллаа.

Шилдэг эрэгтэй офицер:

  1. Ахмад Г.Жавхлантөгс (ЗХЖШ) Тэргүүн байр
  2. Ахмад Ч.Мандуул (ЗХЖШ) Дэд байр
  3. Хошууч Даваадорж (БХЯ) Гутгаар байр

Шилдэг эмэгтэй офицер:

  1. Ахмад Н.Дэлгэрмаа (ЗХЖШ)
  2. Дэслэгч Н.Ууганцэцэг (ЗХЖШ)
  3. Ахлах дэслэгч Л.Отгондулам (ХХЕГ) нар шалгарсан юм.

Цогцолбор тэмцээний төрлүүдийг Төрийн цэргийн болон сахиулах байгууллагууд хэсэгчлэн хувааж авч зохион байгуулсан юм. Тодруулбал БХЯ-ныхан гадаад хэлний мэдлэг, ЗХЖШ-ынхан бие бялдрын бэлтгэлжилт, буудлага, ХХЕГ-ынхан цэргийн дүрмийн мэдлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрынхан илтгэх ур чадвар, ЦЕГ-ынхан эсээ бичлэг, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тестийн шалгалтыг тус тус зохион байгуулсан байна.