Б.Ганзориг: “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харж чадах уу“ гэж хөгжлийн бэрхшээлээр нь бусдыг доромжилсон З.Төмөртөмөө даргад хариуцлага тооцохыг шаардаж байна

Б.Ганзориг: “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харж чадах уу“ гэж хөгжлийн бэрхшээлээр нь бусдыг доромжилсон З.Төмөртөмөө даргад хариуцлага тооцохыг шаардаж байна

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шаардлага хүргүүллээ.

Тодруулбал “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах юм уу" гэж хараагүй иргэнийг доромжилсон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.  

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо (МХҮХ)-ны ерөнхийлөгч Б.Ганзориг, "2023 оны тавдугаар сард З.Төмөртөмөө дарга, холбогдох газар, хэлтсийн дарга нартайгаа манай холбооны үйл ажиллагаатай танилцахаар ирсэн. Тухайн үед "Та бүхэнд ямар хүндрэлтэй асуудал тулгарч байна вэ" гэж биднээс асуусан. МХҮХ-ны байр, үйлдвэр хуучирч, муудсан учраас тохижилт хийх нэн шаардлагатай. Түүнчлэн гадна талбайд ус, шавар шавхай их тогтдог учраас хараагүй иргэд зорчиход хүндрэлтэй байгаа талаар бид хэлсэн. Улмаар З.Төмөртөмөө дарга "Дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэж бидэнд амласан байдаг.

Энэ ажлыг хийх санхүүгийн эх үүсвэр нь хаанаас гарч байгааг тодорхойлох хэрэгтэй байсан. "Цэвэр агаар сангаас санхүүгийн эх үүсвэр тодорхойлсон бичиг өгөөч ээ" гэхэд тэд нар бичиг өгөөгүй. Тэр үед “Танай ажил ингээд өнгөрсөн. Хугацаа нь болчихсон учраас санхүүжүүлэх боломжгүй” гэх хариуг өгсөн. 

Ийм асуудал тулгарсан учраас З.Төмөртөмөө даргад хандаж, тодруулахад “Та нар зургаа хийлгэхгүй удсанаас болж тохижилтын ажлыг хийх боломжгүй болсон. Та нартай уулзахгүй” гэх маягаар хандсан. 

Улмаар би твиттер хуудаснаа “З.Төмөртөмөө дарга хараагүйчүүдийг хуурлаа” гэж сэтгэгдлээ бичсэн байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт З.Төмөртөмөө дарга өөрөө над руу утсаар ярьсан. “Ганзоригоо чи аятайхан байгаарай” гэж намайг заналхийлсэн. "Бид ажил эхлүүлээд, ажил яриад явсны хувьд цаг гаргаж өгөөч ээ, нүүр нүрээ харж байгаад асуудлаа яръя" гэсэн.

Гэтэл З.Төмөртөмөө дарга “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах уу“, “Чи хүний нүүр харж чадах юм уу” гэж хараагүй байдлаар минь ялгаварлан доромжилсон. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй хандлага.

Дуртай үедээ сэтгэлийн хөөрлөөр хараагүй хүмүүст гадна тохижилтыг нь хийж өгнө гэж шоудаад, дургүй нь хүрвэл бусдыг заналхийлж, доромжилдог авир төрийн албан тушаалтанд байж болохгүй. 

Иймд Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга нар З.Төмөртөмөөд зохих арга хэмжээг авахыг шаардаж байна. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлаж, хэлсэн үгэндээ уучлалт гуйх, мөн МХҮТ-ийн гадна тохижилтын ажлыг хийж өгнө гэсэн амлалтаа биелүүлээч гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна" гэлээ.